Бондын эргэн төлөлтийн цуваа эхлэх 2017 он
Бичин жилийн эдийн засаг биднийг хэд хэдэн удаа хүндхэн байдалд оруулж, багагүй сандаргаад авсан. Төсвийн алдагдал, гадаад валютын цэвэр нөөц, төлбөрийн тэнцэд зэрэг бүгд л уруу чиглэлтэй байгаа. Тэгвэл өмнө нь авсан өр зээл, бондын эргэн төлөлт юу юугүй хаяанд ирлээ. Тодруулбал, ирэх оны гуравдугаар сараас Засгийн газрын баталгаажуулсан Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтөөр бондын эргэн төлөлтийн цуваа үргэлжилнэ.
Гэтэл энэ нь өнөөдрийн байдлаар тодорхой бус байгаа. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Бид анхны бондоо заавал төлөх ёстой. Хөгжлийн банкны бондыг төлүүлэхийн тулд шахаж ажиллаж байгаа. Хэрвээ чадахгүй бол чадахаараа тусална гэсэн байр суурьтай байна” гэж нэгэн мздээлэл хийх үеэр дурдсан. Манай улсын Засгийн газрын нэрээр баталгаажсан бондын эхний эргэн төлөлтөөр гаднын улс орон биднийг дүгнэх, хөрөнгө оруулах үгүйгээ шийдэхэд ихээхэн нөлөөлнө. Үүний дараахан 2018 оны нэгдүгээр сард "Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.доллараас 500 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх ёстой. Тодруулбал, "Чингис бонд”-ын эхний эргэн төлөлт улсын төсвөөс хийгдэхгүй бөгөөд хөрөнгө оруулсан төслүүдээс хийгдэх аж. Мөн Худалдаа Хөгжлийн банкны 2017 онд төлөх нөхцөлтэй 700 сая юанийн бонд, 2020 онд төлөх нөхцөлтэй 500 сая ам.долларын бондын төлбөр хүлээгдэж байгаа. Эдгээрээс гадна Монгол Улсын Засгийн газраас 2023 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй буюу 10 жилийн хугацаатай гаргасан 30 тэрбум иенийн "Самурай бонд”, 2015 оны II улиралд гаргасан 160 сая ам.доллартай тэнцэхүйц юанийн бонд буюу "ДИМ CAM” бондын төлбөрийг 2018 онд эргэн төлөх нөхцөлтэй байгаа юм. Энэ мэт бондуудын эргэн төлөлтийн урт цуваа биднийг хүлээж буй.
Экспортоор энэ оны наймдугаар сард гурван тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.9 хувиар буурсан үзүүлэлт. Гэсэн ч таатай мэдээллүүд ч бий. Тухайлбал, энэ сарын эхээр нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 200 гаруй ам.долларт хүрсэн. Харин манайд 30 ам.доллараар экспортолж байсан. Баруун цанхийн уурхайн олборлолт эхэлж, нүүрсээ 50 ам.доллараар экспортолхоор болсон.
Хэдийгээр үнэ нь нэмэгдсэн ч Хятадаас нүүрс, зэсийн импортын татвараа өсгөв. Тодорхой хэмжээнд ашиг орох тул нүүрснээс орох орлого төсөвт, өр зээлэнд дэм тус болно. Мөн ирэх оны төсөвт өмч хувьчлалаас 160-170 тэрбум төгрөг оруулахаар тооцож, төсвийн орлогоо төлөвлөсөн. Тодруулбал, ирэх оны өмч хувьчлалд "Монголын хөрөнгийн бирж”, ‘Төрийн банк”, "Монгол шуудан” зэрэг 'томоохон обьект багтаж байгаа.
Өмч хувьчлалыг хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод явуулах нь зүйтэй хэмээн холбогдох байгууллагууд үзэж буй. Мөн эдийн засгийн хямралтай үед өмч хувьчлал явуулах нь ашигтай гэсэн нэг хэсэг байгаа бол нөгөө хэсэг нь ашиггүй гэх мэтээр ярьж байгаа юм. Ямартай ч төсөвт ихээхэн хувь нэмэр оруулах тул өмч хувьчлалын анхны нэрлэсэн үнийг өсгөж, алдагдалтай төсөвтөө илүү орлого оруулах л үлдээд буй.
Үүнээс гадна нэг хэсэг үнэ нь тэнгэрт хадсан ам.долларын балгаар төгрөгийн ханш суларсан. Үүнтэй холбоотойгоор Төв банк мөнгөний бодлогын хүүгээ 4.5 нэгжээр өсгөөд дөрвөн сарын нүүр үзсэн. Тодруулбал, энэ оны наймдугаар сард мөнгөний бодлогын хүү 10.5 байсныг дээрх дүнгээр өсгөж 15 болгосон. Гол зорилго нь төгрөгийн ханшийг хамгаалах. Угаас Төв банкны үндсэн үүргийн нэг нь улсын мөнгөн тэмдэгтийн ханшийг хамгаалах юм. Тус үүргээ биелүүлж дээрх шийдвэр гаргаснаа тайлбарласан. Тухайн үеэс ам.долларын ханш өссөөр төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсаар байв. Дайран дээр давс гэгчээр юанийн ч өссөн. Тэгвэл 4.5 нэгжээр огцом өсгөсөн бодлогын хүү валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, гадаад валютын нөөцийг хамгаалах, санхүүгийн тоггвортой байдлыг хадгалахад үр дүнгээ өгсөн гэж үзсэн. Тиймээс бодлогын хүүг аажмаар бууруулах чиглэл баримталж, энэ сарын 18-нд бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсан юм. Энэ мэт хүндрэлтэй эдийн засагт авах бодлогын арга хэмжээнүүд цөөнгүй бий. Хамгийн том шалгуур нь нүдний өмнө тулж ирээд буй бондын эргэн төлөлтөө амжилттай хэрэгжүүлэх л үлдээд буй.
Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/