А.Шоовдор: Терминал барьж, цементийг ченжийн гар дамжуулалгүйгээр хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр хүргэдэг болно

1106

А.Шоовдор: Терминал барьж, цементийг ченжийн гар дамжуулалгүйгээр хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр хүргэдэг болно

 

Б.Энх

Хөтөлийн "Цемент шохой” ХХК-ийн захирал А.Шоовдортой цемент үйлдвэрлэл болоод борлуулалтын талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Хөтөлийн "Цемент шохой” ХК энэ онд хэчнээн мянган тонн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн бэ. Төлөвлөгөө амжилттай биелж байна уу?

-Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр өнгөрсөн гуравдугаар сарын 9-нөөс үйлдвэрлэлээ эхэлсэн. Энэ онд бид 450 мянган тонн цемент үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн зургадугаар сарын 18 хүртэл үйлдвэрлэл жигд ажиллалаа. Үндсэндээ 90-ээд мянган тонн чулуунцар, 10-аад мянган тонн цементийн нөөцтэй ажиллаж байна. Өнгөрсөн зургадугаар сарын 18-нд баруун бүсийн төвийн эрчим хүчинд доголдол үүссэнээс үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд гэмтэл авч, үйл ажиллагаагаа зогсоосон. Улмаар үүнтэй холбоотойгоор энэ жилийн засвар үйлчилгээгээ нэг мөр оруулж, хийлээ. Борлуулалтын хувьд 2015 онд тогтсон үнээрээ энэ онд борлуулж байна. Борлуулалтыг Улаанбаатар дахь төлөөлөгчийн салбараар Улаанбаатарын болоод тухайн бүсийн ойр орчмын хэрэглэгчиддээ цементээ хүргэж байна. Хоногт 12-14 крети вагон ачиж байна. Өөрөөр хэлбэл, хоногт 2500-3000 тонн цементийг вагоноор зах зээлд нийлүүлж байна. Үүний дээр Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ, баруун аймгууд руу машинаар ачиж байгаа.

-Үнийг тодруулбал?

-Нэг тонн цемент задгай нь 145200, савлагаатай нь 157500 төгрөгийн үнэтэй.

-Үйл ажиллагаа тодорхой шалтгааны улмаас түр зогссон байна. Үүнтэй холбоотойгоор цементийн эрэлт ихэсч, зах зээл дэх хомсдолыг даган үнэ хөөрөгдөх байдал ажиглагдаж байгааг иргэд ярьж буй. Энэ талаар таны бодол?

-Ченжүүд үнэ хөөрөгдөж зардаг байдал жилийн жилд гардаг. Зах зээлд янз янзын чанартай, чанаргүй цемент борлуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, Хятадаас оруулж ирсэн цемент Монголын энэ салбарын зах зээлийн 70 хувийг эзэлж байгаа. Манай үйлдвэрийн хувьд жил бүрийн 4, 5 дугаар сард ачаалал багатай ажилладаг. Зургадугаар сар гараад ирэхээр л барилга, иргэдийн ажил идэвхжиж, эрэлт огцом ихэсдэг. Энэ оны хувьд манай үйлдвэр яг эрэлттэй үед нь үйлдвэрлэл зогсож, хомсдол үүссэн нь үнэн. Гэхдээ нөөц байсаар байхад л ченжүүд үнэ хөөрөгдсөөр байсан. Үүний цаана иргэд, аж ахуйн нэгж хохирч байгаа. Ченжийн гар дээрээс бус үйлдвэрээс нь үйлдвэрийнх нь үнээр худалдаж авах нь мэдээж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад ашигтай.

-Гэхдээ өнгөрсөн долоо, наймдугаар сард цементийн тонн тутмын үнэ 190 мянга хүрч, зарим үед түүнээс ч давж байсан. Энэ үед ч үнээ нэмээгүй юм уу?

-Барилга хот байгуулалтын яамнаас бидэнтэй холбогдсон. Цементийн үнэ 190 мянгад хүрсэн байна. Танайх үнээ нэмсэн юм уу” гэж. Бид үнийн ямар ч өөрчлөлт хийгээгүй. Харин чанарын хувьд улам сайжирсан. Энэ жилийн хувьд бид үнэ мөнгөний хойноос хөөцөлдсөнгүй. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа сайжруулах, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, иргэд харилцагч байгууллагууддаа хямд үнээр хүргэх гол зорилтоо хангахыг зорилоо.

-Ачаалал хэр их байна вэ?

-Ачаалал бол жилийн жилд байдаг л асуудал. Гэхдээ бид аль болох хурдан шуурхай үйлчлэхийг л зорьж байна. Манай үйлдвэрийнхэн 12-24 цаг ажиллаж байна. Үйлдвэрийн элдэв гэмтэл осол гарахгүй л бол биднээс шалтгаалж ачилт удаашрахгүй гэсэн үг.

-Нэг үеэ бодвол Монголд цемент үйлдвэрлэл овоо ахиж байна. Хэд хэдэн үйлдвэр баригдаж эхэлсэн. Зарим нь эхнээсээ ашиглалтад ороод байгаа. Ингэхээр чанарын өрсөлдөөнөөс гадна үнэ буурах болов уу гэх хүлээлт нийтийн дунд байх шиг байна?

-Одоогийн байдлаар цементийн дөрвөн үйлдвэр байнгын ажиллагаанд орохоор тоног төхөөрөмж, технологийн туршилтын ажлуудаа хийж байна. Аль аль нь жигд үйл ажиллагаа явуулахад хугацаа шаардлагатай байгаа. Манай давуу тал бол өнгөрсөн хоёр жилд түлш, түүхий эдийн тохиргоогоо хийлээ. Тоног, төхөөрөмжүүдээ шинэчилж, тохиргоог нь хийчихлээ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, эрэлтийнхээ хүчин чадалд хүрч ажиллах бүрэн боломжтой болчихсон байна.

-Өмнө нь цементийг ихэвчлэн задгайгаар борлуулдаг байснаа савлаж эхэлсэн нь хүчин чадал сайжирсантай холбоотой юу?

-Өмнө нь нийт үйлдвэрлэж байгаа цементийнхээ 10-15 хувийг савладаг байсан бол энэ жилээс 50 хувьд хүргэсэн. Савлагаатай цементийг крети вагонд ачдаг. Крети багтаамж багатай, эргэлт удаантай. Тэгэхээр хоногт 12-15 крети вагоныг зах зээлд нийлүүлж байгаа. Бусдыг нь машинаар ачиж байна. Тодруулбал, өдөрт 20-оод вагон савлагаатай цемент зах зээлд гаргаж байна. 20-30 вагоныг задгайгаар нийлүүлдэг.

-Ченжүүд цементийг тонн тутамд нь үнэ нэмсээр ирсэн. Тэгвэл иргэн ч бай, албан байгууллага ч бай үйлдвэрийн үнээр авах боломжийг хэзээ, хэрхэн бий болгох юм бэ?

-Шийдэх нэг арга нь бид Улаанбаатарт төмөр замтай ойрхон борлуулах цэг нээх. Өөрөөр хэлбэл, вагоноос буулгаад шууд өөрийн цэгтээ хүргэж, тэндээс хэрэглэгчиддээ үйлдвэрийн үнээр хүргэнэ. Тэгэхээр бид ирэх жил терминал барихаар төлөвлөөд байгаа. Терминал ашиглалтад орохоор үйлдвэрийн үнээр цементээ борлуулж эхэлнэ.

-Цементээс гадна барилгын компаниудад шохой нийлүүлж байгаа юу?

-Барилгын байгууллагууд, дулааны хавтангийн үйлдвэрүүд манайхаас шохой авч байна. Манай шохойн үйлдвэрлэл жигд сайн ажиллаж байна. Саяхан тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Гол худалдан авагч нь одоогоор "Эрдэнэт үйлдвэр” байна. Мөн хөнгөн блокны үйлдвэрүүд түүхий эд болгож байна.

 

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>