Саудын Араб улс кино театр ажиллуулахыг 30 гаруй жилийн дараа зөвшөөрөв

779
 
Саудын Араб улс кино театр ажиллуулахыг 30 гаруй жилийн дараа зөвшөөрөвЭР-РИЯД. /Ройтерс/. Саудын Арабд ирэх оноос кино театр нээхийг зөвшөөрснийг "Ройтерс” агентлаг уламжлав.
 
Саудын Арабийн Соёл, мэдээллийн яам даваа гарагт буюу өчигдөр энэ шийдвэрийн тухай нийтэд зарласан байна.
 
Гэрлээгүй хүмүүс нэг нэгнийхээ дэргэд суух нь "нүгэл” гэж шашны зүтгэлтнүүд нь үздэг байсан учир тус улс нь 1980-аад оны үед бүх кино театрынхаа үйл ажиллагааг зогсоож байжээ.
 
Харин тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман үзвэр үйлчилгээний салбарыг хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжих болсноор кино театруудыг нээхээр болсон байна.
 
Анхны кино театр нь ирэх оны гуравдугаар сарын эхээр нээгдэнэ гэсэн мэдээлэл байна.
 
Кино театрууд нээгдсэнээр ДНБ 17 тэрбум ам.доллароор өсөж, 30 мянган ажлын байр бий болно гэж тус улсын Соёл, мэдээллийн яам тооцоолжээ.
 
Гэхдээ кино театруудад лалын шашны номлол, хаант улсын ёс суртахууны үнэт зүйлст харшилсан агуулга бүхий киног гаргахгүй ажээ.
 
Тус улс 2017 он гарснаас хойш бодлогын олон шинэчлэл хийсэн юм. Тухайлбал, спортын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд эмэгтэйчүүд орохыг, эмэгтэйчүүдэд автомашин жолоодохыг зөвшөөрсөн билээ.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>