Цаазын ялыг сэргээх боломжгүй
Манай улсад цаазын ял байх ёстой, ёсгүй гэдэг дээр нийгэм хоёр хуваагдсаар ирсэн. Өнөөдөр ч энэ талцал үргэлжилсээр. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх саналаа ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Сүүлийн үед нийгмийг цочроосон гэмт хэрэг удаа дараа гарч, бага насны хүүхдийг хүчирхийлэх явдал эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх санаачилга дэвшүүлээд байгаа юм. Тэрбээр "Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах төвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Монгол Улс цаазын ялаас татгалзаад таван жил болж байна. Тодруулбал, УИХ 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг соёрхон баталснаар цаазаар авах ялаас татгалзсан юм. Ингэснээр манай улс цаазын ялаас татгалзсан 97 дахь орон болж байв. Манай улс цаазын ялаас 2012 онд татгалзахаас өмнө долоон төрлийн гэмт хэрэгт уг ялыг оноодог байсан. Үүнд, төр нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хорлон сүйтгэх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах, зандалчлах, геноцид, терроризм үйлдэх зэрэг гэмт хэрэг орно. Өөрөөр хэлбэл, бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн, бага балчир охидыг хүчирхийлж, ёс бусаар бэлгийн хүслээ хангасан этгээдийг цаазын ялаар шийтгэдэг байв. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга зөвхөн хүүхэд хүчирхийлсэн, хүчиндсэн хэрэгт уг ялыг хэрэглэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч цаазын ялаас татгалзсан орнуудын тоо нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед манай улс цаазын ялыг сэргээх нь "ухралт” гэдгийг зарим хүн хэлж байна.
Өнөөдөр дэлхийн 170 орон цаазаар авах ялаас татгалзаад байна. НҮБ-ын төв байранд болсон сэдэвчилсэн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш "XXI зуунд цаазаар авах ял огт байж таарахгүй. Дэлхийн 170 орон цаазын ялыг хүчингүй болгож, түүнийг хэрэгжүүлэхээ больсон. Өнгөрсөн сард Африкийн Гамби болон Мадагаскар улс цаазын ялыг хүчингүй болгосон нь чухал алхам болсон юм. 2016 онд цаазаар авах ялын гүйцэтгэлийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 37 хувиар буурсан байна. Өнөөдрийн байдлаар цаазаар авах ялын гүйцэтгэлийн 87 хувийг дөрөвхөн орон буюу Иран, Саудын Араб, Ирак болон Пакистан эзэлж байна” гэж хэлсэн байна. Харин манай улсад цаазын ял байх эсэх талаар судлаач, хүний эрхийн төлөө тэмцэгчид төдийгүй олон нийт цаг ямагт сөргөлдсөн байр суурьтай байдаг. Зарим нь хэн нэгэн санаатайгаар бусдын аминд хүрч буй нь хамгийн жигшүүрт гэмт хэрэг учир алах ял оноох ёстой гэдэг бол нөгөө хэсэг нь цаазын ялыг хүмүүн бус үйлдэл, хүний амьд явах эрхэд халдаж байна гэж үздэг. Тухайлбал, олон нийтийн зүгээс жигшүүрт хэрэг, бага насны хүүхдийн хүчирхийлэл олширч байгаа энэ цаг үед цаазын ялыг сэргээх нь зүйтэй, цаазаар авах ял байх ёстой гэсэн байр суурийг олонх нь илэрхийлж байна.
Тэгвэл хуульчид болон хууль тогтоогчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ХУВЬД БОЛОМЖГҮЙ
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Манайд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, эрх зүйн орчны хувьд цаазаар авах ялыг сэргээх боломжгүй. 2012 онд Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай фактын II нэмэлт протоколд нэгдэж орсон. Үүнд нэгдэж орсноороо бид НҮБ-ын болон бусад олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө шинээр батлан гаргах Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг хална гэсэг үүрэг хүлээсэн. Үүний дагуу 2015 онд баталсан Эрүүгийн хуулиас энэ ялыг халсан. Цаазаар авах ялыг сэргээлээ гээд ноцтой гэмт хэрэг буурдаг практик громологийн шинжлэх ухаанд байхгүй. Громологи нь гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг хууль зүйн хавсарга шинжлэх ухаан. Энэ талаас нь авч үзвэл цаазаар авах ялыг эртний "амийг амиар” гэсэн харгис ялын төрөл уламжлагдаж орчин үед ирсэн гэж үздэг. Цаазаар авах ялыг халснаар хүчирхийлэл гаардаг гэдэг тооцоо, судалгаа байдаггүй. Цаазаар авах ялыг эргүүлж сэргээснээр хүчирхийлэл буурдаг гэсэн судалгаа ч байхгүй. Тиймээс бид аливаа зүйл дээр тооцоо судалгаатай ярих учиртай. Өнөөдөр нийгмийг түгшээсэн олон хэрэг гарч байна. Монгол Улс түүхэндээ хоёр удаа цаазаар авах ялыг 1926, 1954 онд халсан. Социалист эрх зүйн тогтолцооны үед буюу 1954 онд цаазаар авах ялыг халсан ч эргэн сэргээх болсон нэг шалтгаан байдаг. Тэр юу гэхээр баруун аймагт нэг айлыг хоморголон устгасан жигшүүрт хэрэг гарснаас шалтгаалж жилийн дараа БНМАУ-ын Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг эргэн сэргээж байсан тохиолдол бий. Одоо бид социалист эрх зүйн системээр хөгжөөгүй. Бид орчин үеийн эрх зүйн систем эрх зүйт төрийг төлөвшүүлэх тогтолцооны хүрээнд энэ ойлголтыг өмнөх шиг эргүүлж сэргээх нь зохимжгүй.
СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР АСУУДАЛД ХАНДАЖ БОЛОХГҮЙ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Миний байр суурь их тодорхой. Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч цаазын ялаас татгалзах тухай УИХ-д оруулж ирж, тавьсан. Энэ асуудлыг ярьж байх үед би их тодорхой байр суурь илэрхийлсэн. "Үнэхээр цаазын ялыг халах цаг хугацаа нь болсон уу, тэр нөхцөл нь бүрдсэн эсэх өөрийн орны онцлог нөхцөл байдлыг бодож үзээч ээ. Цаазын ялыг халах олон улсын гэрээ конвенцид нэгдчих юм бол энэ байдлаасаа эргэж гарах, буцахад хэцүү байдалд орно шүү” гэсэн тодорхой байр суурийг илэрхийлсэн. Гэтэл өнөөдөр цаазын ялыг сэргээх тухай асуудлыг Ерөнхийлөгч ярьж байна. Тэгэхээр дахиад энэ асуудлаа тал талаас нь нухацтай авч үзэх хэрэгтэй. Зүгээр сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж болохгүй. Энэ нийгэмд бий болоод байгаа ёс суртахууны уналт, доройтол, аюултай аллага, хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлийг сууриар нь яаж засах вэ гэдгээ юуны түрүүнд бодох хэрэгтэй. Тэгэхгүйгээр гарч ирсэн асуудалд өнгөн хэлбэр талаас нь хандаж болохгүй. Сууриар нь бодлоготой, судалгаа тооцоон дээр үндэслээд, олон улсын жишиг, өөрийн орны онцлогийг харгалзан уг асуудлыг шинжлэх ухааны байгууллагууд нь юу гэж үзэж байна гэдгийг судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол хууль эрх зүйн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал руу орно. Анх оруулж ирж байхад нь хүндрэлтэй байсан учир тухайн үед би дээрх байр суурийг илэрхийлж байсан юм.
ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ НЬ ЗӨВ, БУРУУ ГЭЖ ЯРИХ НЬ НЭГЭНТ ОРОЙТСОН
Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг: -Өнөөдөр цаазын ялыг сэргээх нь зөв, буруу гэх асуудлыг ярих нь нэгэнт оройтсон. Манай улс 2012 онд цаазаар авах ялыг халахад чиглэсэн олон улсын нэмэлт II протоколд гарын үсэг зурахаасаа өмнө уг асуудлыг сайтар ярилцах ёстой байсан. Тэгэхээр цаазын ялыг сэргээх боломж нь хомс болно. Бид хууль тогтоож байгаа газар нутаг дээрээ цаазын ялыг сэргээж болно. Гэвч цаашид олон улсын төвшинд нэр хүнд унана. Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээсээ татгалзлаа гэх асуудал гарч эдийн засгийн дэмжлэг үзүүлэх болон бусад асуудлаар бусад оронтой гэрээ хэлцэл хийхэд хүндрэл учирна. Манай улс НҮБ-ын ачаар бусад улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж том гүрнүүдтэй эрх тэгш харилцах эрхтэй болсон. Гэтэл манай улсын энэ эрхэнд халдах сөрөг үр дагавар цаашид гарна. Дахин хэлэхэд олон улсын төвшинд Монголын нэр хүнд унана гэдгийг хэлмээр байна. Учир нь, бид олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй.
II НЭМЭЛТ ПРОТОКОЛД НЭГДЭЖ ОРСОН Л БОЛ ГАРАХ ЗААЛТ БАЙДАГГҮЙ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор О.Мөнхсайхан: -Цаазын ялыг сэргээхийг эсэргүүцэх долоон шалтгаан бий. Товчхондоо цаазаар авах ял ардчилсан нийгмийн суурь болсон хүмүүнлэг, иргэний нийгмийн амин сүнсийг үгүйсгэчихэж байгаа юм. Хоёрдугаарт, цаазын ял амьд явах эрхийг нь зөрчдөг. Хүний амьдралыг тэр чигт нь тасалж, үгүй хийдэг, хүнийхээ хувьд эрх чөлөөгөө эдлэх ямар ч боломжгүй болгодог. Гуравдугаарт, энэ ял нь эрүү шүүлтэд тооцогддог. Манай улс Иргэний ба улс төрийн фактын II нэмэлт протоколд 2012 онд нэгдсэн. Уг протоколын дагуу цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй, сэргээхгүй байх, хуулиас халах арга хэмжээг биелүүлэх ёстой. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ” гэсэн заалт бий. Манай улс сайн дураараа нэгдсэн учраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх хэрэгтэй. Гэхдээ нэг сонирхолтой зүйл байгаа. Хэрэв цаазаар авах ялыг сэргээе гээд УИХ-аас энэ заалтыг Эрүүгийн хуульдаа шууд оруулбал олон улсын өмнө хүлээсэн үүрэг, мөн Үндсэн хуулийн 10 дугаар заалтаа зөрчиж байна. Цаазын ялыг сэргээх ямар алхам байна вэ гэхээр олон улсын гэрээнээс гарах. Гэтэл II нэмэлт протоколд нэгэнт нэгдэж орсон л бол гарах заалт байдаггүй.
М.ЭНХЦЭЦЭГ /UNEN.MN/