Жилд 100 иргэн цагаачаар авах квот тогтоов
УИХ-ын гишүүн Н.Оюундарь:
-Монголд гадаад иргэдийг цагаачлуулах зайлшгүй шаардлага байгаа юм уу.
Европын холбоо цагаачдаасаа болж асуудалд орж байна. Хоёр том гүрний дунд орших Монгол жил бүр 100 цагаач хүлээн авах нь аюулгүй байдал талаасаа асуудалтай биш үү” гэлээ.
Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн дарга Д.Мөрөн:
-Цагаачид өндөр шалгуур тавьдаг. Гэхдээ цагаач иргэд нь орогнол хүсч байгаа биш юм. Одоогийн байдлаар гадаадын 1957 иргэн цагаач статустай байна. Үүнээс 63.7 хувь нь Хятадын иргэд. Тэдний ихэнх нь долоон буудалд газруудад суурьшсан. Оросын цагаач иргэн 643 байна. Жилдээ цагаач иргэдийг авах тоо 100 гэж байгаа боловч энэ хэмжээнд тултал авна гэсэн үг бас биш. Дээд лимит нь 100, жил бүр 100 иргэнд цагаачийн квот өгөхгүй.
2017 онд хоёр иргэнд цагаачлалын статус өгсөн. Нэг нь Дорнодод байсан Оросын угшилтай иргэн, нөгөө нь Хятад иргэн. 2016 онд дөрвөн иргэнд цагаач статус өгсөн бол 2015 онд таван иргэнд өгсөн. Цагаач иргэд нь өөрийн орны харъяалалтай байдаг” гэлээ. Байнгын хорооны гишүүд хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Үүний дараа Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэв. Европын холбоо Монгол Улсын татварын хуулиуд нь олон улсын шаардлага, нөхцөл хангахгүй байна гэж үзэн, хар жагсаалтад багтаасан. Тэгвэл ФАТФ-ын зүгээс манайд мөн мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр 40 гаруй зөвлөмжийг өгсөн байна. Үүний дагуу Засгийн газар дээрх хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлжээ.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр:
-Урьд нь ФАТФ-ын зүгээс 49 зөвлөмж өгсөн. Сүүлийн зөвлөмж дээр 40 болгон бууруулсан. Манай талаас тодорхой ажил хийж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр Мөнгө угаах терроризмтой тэмцэх төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан. Асуудалд орсны дараа биш урьдчилан сэргийлж, салбар дундын үйл ажиллагаануудыг хангаж ажиллаж байгаа. Хууль хяналтын байгууллагууд Засгийн газраас баталсан төлөвлөгөөний дагуу мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр дагнасан албан хаагчдыг сургаж, чадавхижуулж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Өмнөх парламентаар Эдийн засгийн өршөөлийн хууль баталсан. Үүнтэй холбоотойгоор манайхыг өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтад оруулсан гэж ойлгосон. Тиймээс татварын хуулиудаа цэгцлэх даалгаврыг 2018 оны аравдугаар сар хүртэл өгсөн. Тогтоосон хугацаанд хууль эрх зүйн орчноо сайжруулж амжих уу.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр:
-Мөнгө угаах терроризмтой тэмцэх байгууллага манай орныг 2013 онд саарал жагсаалтад оруулсан нь Эрүүгийн хуулиараа хуулийн этгээдэд хариуцлага ногдуулах асуудлыг зохицуулаагүй байна гэж үзсэн. Тухайн үеийн Засгийн газар энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж байсан учраас саарал жагсаалтаас гаргасан. Сая дахин үнэлгээ хийхдээ 15 сарын хугацаатай тодорхой шаардлага тавьж, энэ шаардлагыг хангаж ажиллавал саарал жагсаалтад оруулахгүйгээр асуудлыг шийдэх боломжтой гэж үзсэн. Ирэх аравдугаар сард хугацаа нь дуусна. Гол асуудал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тавьсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монгол Улс ямар үүрэг хүлээх вэ, үй олноор хөнөөх зэвсэгтэй холбоотой асуудлыг яаж зохицуулах, Монгол Улсын хууль хяналтын байгууллагын уялдаа холбоог яаж хангаж ажиллах вэ гэдэгт зөвлөмж өгсөн гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Т.САЙХАН