400 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХҮҮХДИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ “ҮНЭЛДЭГ”-ЭЭ ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ?
Ниргэсэн хойно хашгирав гэгчээр унаач хүүхдүүдийн алтан амь жил ирэх тусам хохирч үнэгүйдсээр л. Олон арван хүүхэд бэртэж гэмтэж хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа энэ харамсалтай хэрэгт эрх баригчид юу бодож суудаг бол. Засгийн газар иргэдийг тайвшруулах гэж унаач хүүхдийг 12 нас гэж зааглаж өгсөн ч 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэнэ гэж Үндсэн хуульд заасныг бүгд мэднэ. Төгслгөл үгүй энэ асуудалд хүүхдийн эрхийн асуудал үнэгүйдэж, уяачдад зугаа цэнгэлийн үүдийг нээсэн хавар өвлийн морин уралдааныг хориглосноор хэн хохирох вэ, хэн хожих вэ.
Хүүхдийн эрхийг хамгаалдаг ТББ-уудын зүгээс мэдээлэл хийж, Засгийн газарт өвөл, хаврын морин уралдаанд хүүхдүүд оруулахгүй байх эрх зүйн акт гаргаж өгөхийг хүссэн ч одоог хүртэл зөвшөөрөхгүй байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж үзжээ.
"Дүнжингарав-2017” хурдан морины уралдааны үеэр 50 гаруй хүүхэд мориноосоо унаж бэртснээс нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн нэг хүүхэд унаж бэртсэнээсээ болж дөрвөн хуруугаа тайруулсан байдаг. Анхан шатны шүүх хурлаас энэ асуудлыг авч хэлэлцээд даатгалын компаниас 400 мянган төгрөг өгч хохирлыг барагдуулсан. Мөн Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд энэ сарын 18-нд зохион байгуулсан "Дүнжингарав-2018” уралдаан зохион байгуулагчдыг хариуцлага хүлээхийг шаардаж буй юм.