ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД УТСААР ШУУД ХОЛБОГДДОГ БОЛОВ
Өмнөд Солонгос болон Умард Солонгос өнөөдрөөс телефон утасны шууд шугам ажиллуулж эхэлснээр ирэх долоо хоногт дээд хэмжээний уулзалт хийх гэж буй хоёр улсын удирдагчид шууд холбогдож эхэллээ гэж "Ёнхап” агентлаг мэдээллээ.
Телефон утасны шууд шугамыг Сөүлийн цагаар өнөөдөр 15:41 цагаас ажиллуулж эхэлсний дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар 4 минут 19 секунд утсаар ярьжээ.
Хөх ордон мэдэгдэхдээ "Шугамыг шалгахын тулд хоёр талын аль аль нь нэг нэг удаа дуудлага хийсэн. Утасны шугаманд ямар нэгэн асуудал илрээгүй” гэжээ.
Хоёр улсын удирдагчид дээд хэмжээний уулзалт хийхээсээ өмнө утсаар ярьж магадгүй гэж Хөх ордон энэ долоо хоногийн эхээр мэдэгдэж байсан билээ.
Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нар ирэх долоо хоногийн баасан гарагт хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөд Солонгосын талд харьяалагдах хэсэгт уулзах юм. Энэ нь Солонгосын дайн дууссанаас хойшхи хоёр улс хоорондын гурав дахь дээд хэмжээний уулзалт болно. Тус хоёр улс нь 2000 болон 2007 онд дээд хэмжээний уулзалт хийж байсан юм.
24news.mn