Умард Солонгос Өмнөд Солонгостой адил цагийн бүсэд шилжинэ
Ирэх сарын 5-наас эхлэн Өмнөд Солонгостой адил цагийн бүсэд шилжихээр шийдвэрлэснээ Умард Солонгосын парламент мэдэгдсэнийг Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг /KCNA/ өнөө өглөө уламжлав.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй түүхэн дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун цагаа 30 минутаар урагшлуулан Өмнөд Солонгосынхтой адил болгох "гэнэтийн” саналыг дэвшүүлсэн аж.
"1910-1945 оны үеийн Солонгосын хойг дахь Японы колончлолын ул мөрийг арилгах”-ын тулд цагаа 30 минутаар ухраах шийдвэрийг Умард Солонгос 2015 оны наймдугаар сард гаргаж байжээ.
"Хоёр Солонгосын цагийн бүсийг адил болгох нь хоёр улс хоорондын эв найрамдал, эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн "эхний практик алхам” юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр хананд өлгөөтэй байсан Пхеньян болон Сөүлийн цаг ялгаатай байгааг хараад сэтгэл эмзэглэж, энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй юм байна гэж бодсон” гэж удирдагч Ким хэлсэн гэж Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг мэдээлсэн байна.
Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нар хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт түүхэн дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, 1950-1953 оны Солонгосын дайныг дуусгасан түр эвлэрлийн гэрээг энэ ондоо багтаан энхийн гэрээ болгож өөрчлөхөөр тохиролцсон билээ.