АВСАН ТАЛААС НЬ ХУРААГААД ЭХЭЛЛЭЭ, ӨГСНИЙГ НЬ ЯАХ ВЭ

763

АВСАН ТАЛААС НЬ ХУРААГААД ЭХЭЛЛЭЭ, ӨГСНИЙГ НЬ ЯАХ ВЭ

 

Улаанбаатарт үлдсэн улсын түүх , соёлыг дархалж үлдсэн хуруу дарам цөөхөн газар бий.

Нэг нь Богд хааны ордон музей юм. Гэвч энэ музейн хамгаалалтын бүс дэх газар руу хийсэн довтолгоо уг нь аль эрт эхэлсэн. Тодруулбал , Монгол Улсын Засгийн газар 2001 онд Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийг 5.7 га-гаар тогтоожээ. Гэсэн ч энэ газрын 2.3 га нь АПУ тэргүүтэй нэр бүхий компани, хувь хүний эзэмшилд оччихсон байдаг.

Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, бас хэвлэлүүдээс манай "Зууны мэдээ” сонин их л олон удаа "дуугарч” байсан даа. Гэлээ гээд төр засаг, харьяа яам нь ч арга хэмжээ авалгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм. Харин энэ удаад АПУ- гийн " Вантрэйд ” компани тэр газар дээрээ хөлбөмбөг үзүүлэх асар барих гэж "хөдлөөд”, нийгмийн сүлжээ буюу твиттер, фейсбүүк тэрийг нь дуулиан шуугиан болгосноор Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдрүүдээр Богд хааны ордон музейд очжээ.

Хамгаалалтын бүсийн газар нь яачихаад байгааг газар дээр нь очиж үзсэн байна. Энэ асуудлаар Ерөнхийлөгч өмнөх өдөр нь буюу 2018 оны тавдугаар сарын 11-нд Нийслэлийн захиргаанд хандаад байжээ. Тиймээс Нийслэлийн Засаг дарга тавдугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15,993 мкв газрыг "Вантрейд” ХХК -д  олгосон захирамжийг хүчингүй болгосон байна. Ийн Богд хааны ордон музейн газраас хумсалсан нөхдийн газар эзэмших эрхийг цуцлаад эхэллээ.

Өөрөөр хэлбэл, авсан хүмүүсийн эзэмших эрхийг цуцалж арга хэмжээ авч байна гэсэн үг. Харин өгсөн хүмүүс буюу Засгийн газрын тогтоолыг зөрчиж, Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн эрх мэдэлтнүүдийг яах вэ? Тухайлбал , "Вантрейд”-ийн газрыг анх 2008 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав олгосон байдаг юм байна.

Тэрээр одоо Уул, уурхайн дэд сайдын албыг хашдаг. Д.Загджавын олгосон гэрчилгээндээ эзэмшүүлэх хугацаа 2012 онд дууссан байгаа юм. Тэр үед нь Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр А/492 тоот захирамж гаргаад "Вантрейд ” ХХК-ийн газар эзэмших эрхийг 17 жилээр сунгачихжээ. Газрын хэрүүл эндээс эхтэй. Нэг үгээр Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Д.Загджав нар энэ асуудалд холбоотой болж таарч байна.

Үүнээс гадна нэр бүхий томоохон компаниудын хувь нийлүүлэн байгуулсан "Интернэйшнл медикал центр” ХХК -ийн "Интермед” эмнэлгийн газар бас Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд багтана. Тэдэнд Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр 2011 оны 539 дугаар захирамжаараа 1,319 мкв газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1,365 мкв газрыг олгожээ. Түүнчлэн академич Д. Цэрэнсодномын "Номуун гэрэл” төвд мөн л Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 2010 оны 4010 дугаар захирамжаараа 5,512 мкв газрыг эзэмшүүлсэн байна.

Удахгүй эдгээр газрын асуудал сөхөгдөх нь тодорхой болж байна. Нэгэнт  хураагаад , цуцлаад эхэлсэн болохоор тэдэнтэй ч бас асуудал ярьж таарна. Өдгөө хүн бүр, амтай болгон АПУ-г зүхэж байна. Бусдыг нь ч адилхан. Хотын төвийн, Монголын түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах үүднээс тэднийг шүүмжилж болно л доо. Төр газраа хураах, эзэмших эрхий г нь цуцалчихвал тэд өгөхөөс аргагүй. Өгч л таарна.

Харин Засгийн газрын тогтоол байсаар байтал га га-гаар нь тэдэнд эзэмшүүлсэн Засаг ноён Г. Мөнхбаяр, бас Д.Загджав нар ямар хуулийг барьж баримталсан нь сонин байгаа юм. Тиймээс тэдэнтэй холбоотой зүйлийг тун удахгүй цахим сүлжээ, араас нь засаг төр яриад эхлэх биз ээ.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>