"Хүүхдийн мөнгө" авах ХҮСЭЛТ
Хүүхдийн мөнгө олгох Ерөнхийлөгчийн санаачлага унаж, Засгийн газрынх дэмжигдэв.
УИХ Хүүхдийн мөнгийг энэ долоо хоногт хэлэлцэн батална. Ингнэснээр өрхийн амжиргааны бүртгэлд хамрагдсан хүүхдүүдийн 80 хувьд олгох юм. Энэ нь статистикийн газраас гаргасан тоогоор Монголын нийт 1.1 сая хүүхдийн нэг сая орчим хамрагдахаар дүнтэй байна.
Хаврын чуулганы эхэнд хэлэлцсэн уг хуулийн төсөл УИХ-ын босго даваад хоёр сар хэлэлцэгдсэний эцэт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярын өмнө Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөөр батлагдана.
Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох төсөл дэмжигдсэнгүй. Парламент энэ хоёр хуулийн төсөлд "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон "Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу "Хүүхдийн мөнгө” олгох тухай” гэх урт нэртэй ажлын хэсэг байгуулагдан Засгийн газрын төслийг дэмжсэн байлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр " 107 мянган хүүхэд үлдэж байна. 107 мянган хүүхдэд 12.9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ мөнгө 50 ширхэг жипний мөнгө. Энэ жил 50 ширхэг жип машин худалдаж авахаа л больчих, хүүхдүүдээ мөнгө өг” гэсэн бол бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "ОУВС-тай хамтарч ажиллах, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Дээр нь Япон, АНУ зэрэг бусад улс орнуудтай хамтарч ажиллаж байгаа. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгоно гэж энэ хүрээнд тогтсон. Хүрэлсүхийн Засгийн газар 60 хувийг 80 хувьд олгох зарчмын хэлэлцээр хийж оруулж ирж байна. Нөхцөл байдал сайжрангуут хэлэлцээр зөрчиж болохгүй. Хүсэлтээ гаргасан өрхийн хүүхдүүдэд өгөх санал гарсныг зөв зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс тогтоолоор хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах санал явуулна. Олон айл өрх хүүхдийн мөнгийг авах саналтай байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байгаа” хэмээх байр сууриа хоёр сар давтаж байгаа.
Тиймээс
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хүрээг нэмэгдүүлэх уг хуулийн төслөөр
нийт хүүхдийн 80 хувьд олгоно. Харин уг 80 хувьд хамрагдахын тулд эхлээд
Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байх ёстой. Дараагаар нь
хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгаа хийж, хүсэлт
гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын
холбогдох байгууллагатай зөвшилцөх юм билээ. Улстөрчдийн толхилцоонд
иргэд өртдөгийн энгийн жишээ, энэ. Нэгэнтээ өрхийн мэдээллийн нэгдсэн
сангийн бүртгэлд хамрагдсан иргэд дахиад бүртгүүлж, хүсэлт гаргах нь.
Өрхийн мэдээллийн сангийн судалгааг дахин дахин хийж, иргэдээр хүсэлт
гаргуулна гэдэг цаг, мөнгө үрсэн ажил. Нэгэнтээ тухайн дүүрэг хороо хүн
амаа бүрэн тоолж, бүртгэлээ дор бүр нь шинэчилсэн байхад л хангалттай.
Өрхөө, иргэнээ бүртгэх нь тухайн хорооны нийгмийн ажилтан, хэсгийн
ахлагч нарын өдөр тутмын үндсэн ажил.
Өнөөдрийн нийгэмд хүүхдийн мөнгөө авахаас татгалзах туйлын цөөн. Хэт хөрөнгөжсөн давхаргынханд багтах цөөнхийн цөөнх хэсэг л төрөөс олгох хүүхдийн мөнгийг үл тоомсорлох байх. Ер нь тухайн хэсгийнхэн Хүүхдийн мөнгө олгох хуулийн төслийг хэлэлцэгдэж байгааг ч үл анзаарч байгаа. Нэгэнтээ дээд боловсролтой сэхээтэн хэсгүүд ч дундаж амьдралтай бүлэгт хамрагдаж чадахгүйд хүрсэн энэ нийгэмд айл өрх бүр л төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгийг хүртэхийг хүснэ. Хүүхдийн мөнгө зарим айл өрхийн төсвийн тодорхой хувийг бүрдүүлж, амжиргаагаа авч явахад дэм болдог. Тэгвэл зарим айл өрх хүүхдийн мөнгийг өрхийн төсөвтөө зарцуулахгүй ч хадгаламж үүсгэн, сургууль соёлоо төгсөхөд нь зарцуулахаар хуримтлал үүсгэсэн байдаг. Ер нь анх хүүхдийн мөнгийг олгох сонгуулийн шоу явуулахад банкинд хадгаламж нээж 18 нас хүртэл нь хуримтал үүсгэхэд тэдэн сая болно гээд л сурталчилж байгаа. Тэр үед улсын төсөв ч их наядаар бус тэрбумаар яригддаг байсан цаг. Анх хүүхдийн мөнгө гэж 3000 төгрөг сар бүр олгож эхэлсэн. Үүний 18 нас хүртэл нь хадгаламж нээж тооцоход тэр үедээ хөөрхөн дүн сонсогдож байсан ч, одооны ханш өссөн энэ үед бусдад хэлэхэд "ичмээр дамшиг л даа”. Хэдийгээр өнөөдөр хүүхдийн мөнгө авдаг ихэнх айл өрх хүүхдэдээ хуримтлал үүсгээгүй ч, амьжиргаанд нь дэм болсоор ирсэн.
Цаашлаад хүүхдийн мөнгө олгох асуудалд улс төрд намуудыг байтугай эрх баригчдыг дотор нь талцууллаа. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн 32-ын талаас зарим гишүүд бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох санал гаргасан ч дэмжигдээгүй. Эрх баригч хүчин бүлэг дээрээ Засгийн газрын бодлогоо дэмжих шийдэлд хүрсэн нь тодорхой.
Эрх баригчид хүүхдийн
мөнгийг олгох хүрээг цаашид ч нэмэгдүүлнэ хэмээн найдлага, хүлээлт
үүсгэсэн хуулийг энэ удаад батлах нь. Ер нь 2020 оны сонгуулиас өмнө
эдийн засаг сайжирсан ч, эс сайжирсан ч хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох
улс төрийн бодлого явж байгааг улстөрчид байтугай энгийн иргэд харж
л байна.
Ийнхүү хаврын чуулган "Хүүхдийн мөнгө"-өөр талцаж, дуншсаар хоёр сарыг үдэж байна. Үлдсэн нэг сарын хугацаанд эрх баригчид томоохон төслүүдээ хөдөлгөнө гэж ярьсаар завсарлаж, дараагийн намартайгаа золгох нь ээ.
Н.Энхбат
Эх сурвалж: Shuud.mn
http://www.shuud.mn/a/497340