Хариуцлагаас зугтаж ирсэн парламент хаяагаа манаж эхлэв үү?!

840
 
Хариуцлагаас зугтаж ирсэн парламент хаяагаа манаж эхлэв үү?!УИХ-д 65-ын бүлэг байгуулж улсын хувь заяаг хүссэнээрээ шийдэх болсон МАН-ынхан өчигдөр хүчингийн гэмт хэрэгт холбогдсон журмын нөхрөөсөө саллаа. Ингэснээр тэд нэг ч гэсэн "балаг"-аасаа салж, нэр цэвэр гэх тодотголд нэг шат ахилаа.
Гэхдээ олон нийт Д.Гантулга гишүүнийг чөлөөлөхөөс илүү өнөөгийн парламентыг улам ёс зүйтэй, хариуцлагатай болгох хуулийн төслийг хэрхэхийг анхааралтай ажиглаж байсан гэхэд болно. Энэ бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын санаачилсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.
Учир нь, өнөөгийн парламент бүрэлдэж, төрийн хувь заяаг шийдэж эхэлсэн цагаасаа өөрсөдтэй нь холбоотой асуудалд хойрго хандаж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, өөрсөдтэй нь холбоотой ямар нэгэн хууль, тогтоолын төслийг парламентын босго давуулалгүй унагаж, ямар ч хамаагүй шалтаг, шалтгаан хэлж хойш тавьж ирсэн билээ.
Харин энэ удаад тэд ард түмнээсээ "ок" үнэлгээ авлаа. Өөрөөр хэлбэл, Д.Хаянхярваа даргынхаа оруулж ирсэн УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дарааллаас авч хаяалгүй "ширээгээ тойрч" суугаад муу, сайнаа ярилцахаар болсон явдал юм. Учир нь, УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд дээрх хуулийн төслийг дараагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх горимын саналыг гаргасан. Түүний хүсэлтээр УИХ-ын дарга М.Энхболд хуралдаанд оролцож байгаа нийт гишүүдийн дунд санал хураалт явуулсан ч олонх нь Л.Болд гишүүний горимын саналыг хүлээж авахаас татгалзлаа.
УИХ төдийгүй улс төрийн намд итгэх иргэдийн итгэл суларсан өнөө цагт энэхүү шийдвэр яах аргагүй цаг үеэ олжээ. Өнөөдөр чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаа нь УИХ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг амтай бүхэн нь л ярьж байна. Энэ нь УИХ-ын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох нэгдсэн хуралдаан, байнгын хороод хийгээд нам, эвслийн бүлгийн хуралдаан хэвийн явагдах нөхцөлийг алдагдуулах болсон билээ.
Өөрөөр хэлбэл,"' УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 10 дүгээр зүйл нь хуралдааны дэг, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах хариуцлагыг зохицуулж, гишүүн хуралдаан тасалсан болон хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг орхигдуулсан гэж төсөл санаачлагчид үзсэн байдаг.
Энэ ч утгаараа УИХ-ын чуулганы хуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгож өгчээ. Хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд гишүүний ирцийг бүртгэх, хуралдааны явцад бүртгэлээс гарсан (картаа сугалсан) тохиолдолд хэрхэн зохицуулах, хуралдааны даг зөрчсөн, хуралдаан тасалсан, хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг нь нарийн тусгасан байна.
Хэзээнээсээ хариуцлагаас зугтаж ирсэн парламент саяхнаас л нэг өөрсдөдөө хариуцлага тооцох асуудлыг хөндөж эхэллээ. Үнэхээр тэд алдаагаа олж харав уу, эсвэл сонгууль дөхөх тусам дахин санал авахын тулд ард түмэндээ таалагдах энэ мэт үйлдлийг гаргаж эхлэв үү. Ямартай ч хариуцлагаас үргэлж зугтаж ирсэн парламент хаяагаа манаж эхэлсэн бололтой.
 
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>