Б.Ганхуяг: 1072 хувьцааны эрх нээлгэх аяныг эхлүүлж байна

655

Б.Ганхуяг: 1072 хувьцааны эрх нээлгэх аяныг эхлүүлж байна

"Эрдэнэс Тавантолгой” ХК дахь иргэн миний хувьцаа хэзээ амь орох вэ гэдэг асуулт иргэн бүрт байдаг гэхэд болно. Тэгвэл тус компанийн захирал Б.Ганхуяг "1072 хувьцааг амилуулах эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Ингэснээр компани дэлхийн хэмжээнд чадавхтай болох нь харагдана” хэмээн мэдэгдлээ.  Мөн тэрээр 1072 хувьцаа мэдээллийн төв нээгдсэнээс хойш 15 орчим мянган хүнд зөвлөгөө мэдээлэл өгсөн. Харамсалтай нь 393 хүнд л хувьцаа авах, ногдол ашгаа авах эрхийг нээж өгсөн байна. Нийт манай компанид 2,511,000 хувьцаа эзэмшигч байдаг. Түүнээс 623,000 нь л эрхээ нээлгэсэн байгаа нь хангалтгүй байна. Энэ тоог 800,000-аас нэг саяд хүргэж байж хувьцаа амь орох үндэс болно. Тийм учраас өнөөдрөөс бид хувьцааны эрх нээлгэх аяныг эхлүүлж байна” гэсэн юм. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO-г  дэлхийн зах зээлд гарах бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсэг эрчимтэй ажиллаж байна. Дотоодын болон гадаадын банк санхүүгийн байгууллага, хөрөнгийн биржүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн болохыг мөн тэрээр дуулгалаа.

За мөн тус компанийн үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээллээс хүргэхэд:

-Хагас жилийн хугацаанд 5,1 сая.тонн нүүрс, 25,5 сая.кубметр уулын цул хөдөлгөж, 6.8 сая.тонн нүүрс экспортолж, нөөцийн болон ашиглалтын хайгуулын 63000 мянган тууш метр ажил гүйцэтгэж, 2018 оны 07-р сарын 02-ны өдөр "Дөчин сая дахь тонн” нүүрсээ олборлосон түүхэн амжилт үзүүллээ.

-Компани 2018 онд ажилтан, уурхайчдынхаа цалинг 21 хувиар нэмэгдүүлж, шөнийн цагийн нэмэгдлийг 5 дахин өсгөж, ХАБ-ын урамшууллыг 5 хувиар нэмж, ажилчдад зориулсан дэмжлэгийн санг 2 дахин өсгөсөн зэргээр уурхайчдын хөгжил, нийгмийн асуудлыг шийдвэрлэж ажилласан.

-Дэд бүтэц, тээврийн ажлын хүрээнд уурхайн спорт заалыг шинээр ашиглалтад оруулж, 8.2 км хатуу хучилттай авто замын ажлыг эрчимжүүлж, шинээр баригдах кемп, оффис, лабораторийн барилгын зураг, төслийг дуусгаж, "Тээврийн хариуцлага”-ын гэрээг 99 компанитай байгуулж, жолооч нарт зориулсан "Тээвэр ложистикийн төв” байгуулах ажлыг эхлүүлж, хагас жилийн байдлаар 6.8 сая тонн нүүрсийг 7256 тээврийн хэрэгслээр, 100 мянга гаруй удаагийн рейсээр гүйцэтгэн экспортолж, төлөвлөгөөг 57 хувиар давуулан биелүүлсэн амжилтыг үзүүлсэн.

-2018 оны 5-р сард Өмнөговь аймагтай байгуулсан гэрээнд шинээр сургууль, цэцэрлэг барих, гудамж, талбай тохижуулах, авто зам барих, Цогт-Цэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэх зэрэг ажлуудад зориулж 40 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн, мөн уурхайн бүсэд "Эрдэнэс-Эко уурхай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 33.392 мод тарьж, 2.3 га газрыг зүлэгжүүлж, Ногоон говь байгуулах зорилтот ажлуудаа амжилттай хэрэгжүүлж, үр дүн гаргаж эхэлсэн зэрэг таатай мэдээ олон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>