Ээжийг нь согтож ухаанаа алдсан үед нь хүүг нь хулгайлан зугтжээ

747

 

Ээжийг нь согтож ухаанаа алдсан үед нь хүүг нь хулгайлан зугтжээ

 

Сүүлийн үед бага насны хүүхэд хулгайлах хэрэг цөөнгүй гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тиймээс бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг зөвлөв. Өнгөрсөн сард Дархан-Уул аймагт таван настай охин Э-г гэрийнх нь гаднаас хууран мэхлэн хулгайлж, Улаанбаатарт авчирсан ноцтой хэрэг гарсан. Цагдаагийнхан эл хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Б хэмээх эмэгтэй үйлдсэн болохыг тогтоож, цагдан хорьж шалгаж байгаа. Гэтэл нийслэлд бага насны хүүхэд хулгайлах гэмт хэрэг дахин гарсан байна. 

Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд хүүхэд алга болсон гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу шалгалт явуулж, маргааш нь буюу 7-ны өдөр хүүхдийг Эрдэнэтээс эсэн мэнд олжээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүрээс тодруулахад"Хоёр настай хүүхдийг хулгайлсан этгээд 1989 онд төрсөн эрэгтэй О болохыг тогтоосон. Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хүүг хулгайлсан О-г эрэн сурвалжилж байна. Хүүг хамгаалах байранд хүргэсэн" гэлээ. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хүүг хулгайлсан О гэгч нь хүүгийн аавтай найз гэнэ. Тухайн өдөр хүүгийн ээжтэй гэрт нь архидан согтуурч байгаад хүүгийн ээжийг нь согтоод ухаанаа алдсан үед хүүг нь хулгайлан явсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Дашрамд дуулгахад, он гарсаар хүүхэд хулгайлсан хэрэг цагдаагийн байгууллагад 10 бүртгэгджээ. 

 
Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаанаас тодруулахад"Оршин суугаа газраасаа сураггүй алга болсон 2000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Хүүхдүүд сургуулийн ойр орчим, гэрийнхээ гадаа тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга болсон гэх тохиолдлууд бүртгэгдсэн байгаа. Энэ тохиолдлуудыг цагдаагийн байгууллага бүртгэж аваад улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Хүүхэд алга болоход ямар ажиллагаа явуулдаг яг тэр л ажиллагаануудыг явуулж байгаа. Хүүхэд хулгайлах гэмт хэрэг өмнөх жилүүдээс 3 хувиар өссөн үзүүлэлттэй байна" гэсэн юм. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>