Шатахууны үнийг богино хугацаанд буулгах боломжгүй гэв
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "Ил тод хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо. Энэ үеэр салбарын сайд Д.Сумъяабазар шатахууны үнийг богино хугацаанд буулгах боломжгүй гэж мэдэгдэв. Учир нь өвлийн шатахууны үнийн өсөлт нөлөөлж буй аж. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаа ч өвлийн шатахууны үнэ 50 орчим ам.доллараар нэмэгддэг хэмээн мэргэжилтнүүд тайлбарлав.
Хэдийгээр шатахууны үнийн өсөлтийг богино хугацаанд бууруулах боломжгүй ч урт хугацаанд үнийг тогтвортой байлгах чиглэлд салбарын яамнаас анхаарал хандуулж буйгаа хэвлэлийн хурлын үеэр дуулгалаа. Шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж иргэдийн худалдан авах чадварыг сулруулдаг. Тиймээс төрөөс шатахууны үнийг бууруулах, тогтвортой байлгах ажлыг хийх хэрэгтэй хэмээн олон нийт үзэж буй. Ингэхдээ шатахууны онцгой албан татварыг тэглэх, гаалийн үнийг чөлөөлөх хэрэгтэй хэмээн сануулж байгаа юм. Харин эдгээрийг хэрэгжүүлэх эрх нь Сангийн яамны мэдэлд байдаг ажээ.
Түүнчлэн "Роснефть”-тэй хэлэлцээр хийх Ажлын хэсгийг байгуулаад хамтран ажиллахаар болсон. Манай зүгээс нефть хайгуулын салбарт, газрын тосны үйлдвэр барих, шугам хоолой тавих, шатахууны нөөц, Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын шатахууныг нийлүүлэх гээд таван чиглэлд хамтран ажиллахаар болсон. Ингэснээр шинэ нисэх онцгоцны буудлын шатахууныг олон улсын стандартад нийцсэн түлшээр хангаж, дотоодын импортлогчдоор дамжуулан Монголд нийлүүлдэг шатахууныхаа үнэ, хангамжийг нэг төвшинд урт хугацаанд тогтвортой хадгалах боломжтой болно гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.
Дашрамд дурдахад, өнгөрсөн саруудад өсч байсан газрын тосны үнэ нэг баррель нь 76 орчим ам.доллар болж буурчээ.
Эх сурвалж:www.polit.mn