Ашигтай ч амжилтгүй төмөр замын төслүүд

135

Манай улсын эдийн засагт уул уурхайн салбарын оролцоо өндөр боловч экспортын зах зээлд өрсөлдөх чадвар төдийлэн сайн биш.  Энэ нь манай улс далайд гарцгүй, дэд бүтэц, төмөр замын сүлжээ, нэвтрүүлэх чадвар сул байгаагаас үүдэлтэй. Нийгэм, эдийн засагт ихээхэн ач холбогдолтой гэх төмөр замын төслүүд яригддаг боловч, “дуншсаар” мартагдах нь олонтаа. Эдгээр төслүүдтэй холбоотой мэдээллийг хүргэе.  

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” боловсруулж 2010 онд баталсан юм.  Уг тогтоолын хавсралтад өнгөрсөн хавар нэмэлт, өөрчлөлт оруулж, баталсан байдаг. Үүгээр хэд хэдэн төмөр замын төслийн тухай яригдсан. Тэгвэл өмнө нь УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтолоор батлагдсан “Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Тавантолгой-Гашуун сухайт”, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулах, “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салбар төмөр зам, “Шивээ хүрэн-Сэхэ” чиглэлийн боомтын төмөр замыг барьж дуусгахаар болсон байдаг. Мөн өнгөрсөн оны Засгийн газрын  тавдугаар сарын 10-нд 142 дугаар  тогтоол гаргаж “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Үүнд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 45.3 км төмөр замыг барьж дуусгах, Тавантолгой-Сайншанд-Хөөт чиглэлийн 892 км төмөр замын төслийг хэрэгжүүлэх, Хөөт-Сүмбэр чиглэлийн 380 км, Оюутолгой уурхайн салбар 40.4 км, Сайншанд-Ханги чиглэлийн 324 км төмөр замын төслийг эхлүүлэх, Хөөт-Бичигт чиглэлийн 234 км төмөр замын төслийг барьж дуусгах тухай дурдсан байдаг.

Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл нь анх 2013 онд эхэлсэн.Түүнээс хойш 280 орчим сая ам.доллар зарцуулсан хэдий ч 2015 оноос санхүүжилтгүйн улмаас зогсоод байгаа. Сүүлийн үед төслийг хөдөлгөх тухай яриа хүчтэй өрнөөд буй. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд төмөр замд 200 орчим сая ам.долларын хөрөнгө оруулах боломжтой гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн 49 хувийг нь хөрөнгө оруулагчдад санал болгоод буй. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр байнгын 1200 орчим ажлын байр бий болно. Улсад жилд 10-20 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд нийт ойролцоогоор тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газарт өгч Монголын эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад тодорхой хувь нэмэр оруулна. Тавантолгойн бүлэг ордуудын олборлолтын хэмжээ нэмэгдэх, авто тээврийн осол багасах, бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу чимээ, хөрсний эвдрэл үгүй болохоос гадна тээвэрлэлтийн зардалд эерэг нөлөөтэй гэж нийгэм, эдийн засгийг нь үнэлгээг нь гаргасан байдаг. Тэгвэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн төсөвт өртөг нь 1.2 тэрбум төгрөг бөгөөд концессоор төмөр зам барих шийдвэр гарсан ба одоо хэлэлцээ үргэлжилж байгаа. Энэ төмөр зам 460 км урт, Таван толгой-Зүүн баянгаас цааш нь Ханги Мандал чиглэлд мөн төмөр зам тавих шаардлагатай тухай яригдаж буй.

Харин Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төслийн нийт өртөгийг 92.4 сая ам.доллараар тооцсон. Төмөр замын урт нь 46.2 км. Төслийг ирэх онд дуугахаар төлөвлөөд байгаа.

Манай улс ОХУ, БНХАУ-тай хамтрсан эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ ажлын хүрээнд хэд хэдэн төмөр замын төсөл байгаа бөгөөд “Монголын төмөр зам” компани хариуцан ажиллахаар болсон. Тэдгээрийн нэг нь Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл юм. Нийт 281 км урт бүхий энэхүү төмөр замын төслийг 2020 онд эхлүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтаад буй. Уг зам баригдсанаар жилд 10.1-21.2 сая тонн ачаа тээвэрлэнэ гэдэг тооцоолол гаргасан байдаг. Уг замаар голлон нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, газрын ховор элемент тээвэрлэнэ гэж төлөвлөсөн юм.

 

Eagle.mn

 

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.