ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДВЭЛ ЭЦЭГ ЭХ БАЙХ ЭРХИЙГ НЬ ШУУД ХАСЪЯ

731

ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДВЭЛ ЭЦЭГ ЭХ БАЙХ ЭРХИЙГ НЬ ШУУД ХАСЪЯ

 

Насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой сэтгэл сэрдхийлгэм таагүй мэдээ, мэдээлэл өдөр бүр сонсогдох юм. Цэцэг цэврүү шиг насандаа, эцэг эхийн хайр, гэр бүлийн халуун дулаан орчинд аюулгүй өсч торних ёстой бага балчир насны хүүхдүүд гэмт хэргийн золиос болох, хүчирхийлэлд өртсөөр байна. Хүүхдэд хайргүй нийгэмд, хариуцлагагүй, хайргүй, харгислалтай эцэг эхчүүд олон байна.

Өнгөрсөн онд хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг нийтдээ 573 үйлдэгдсэн тоон судалгаа байна.

Бүр нүдэндээ итгэж, чихэндээ сонсомгүй муу муухай мэдээллийг сонсох юм. Амьдралын хар бараан сүүдэр алдрай нялх үрсэд илүү тусаад байна уу даа гэсэн эмзэглэж байна.

Хойд аавдаа битгий хэл төрсөн эцэгтээ хүчирхийлүүлж, гарынх нь шүүс, харцных нь боол болж байгаа нялх охин үрс олон бий. Тэдний ирээдүй ямар байх вэ гэж бодохоос зүрх зүсэгдэм.

Хэдхэн хоногийн өмнө төрсөн эцэг эх нь гурван настай охиндоо согтууруулах ундааны зүйлс уулгаснаас болж хордлогын шоконд оруулж амийг нь эрсдэлд оруулах шахав. Харин яаралтай түргэн тусламж болон эмч нарын буянаар охин амьд үлдсэн. Хэрвээ эцэг эх нь хөрш айлындаа төрсөн өдрийн баяр тэмдэглээд архидаад өөрсдийгөө хянаж чадахаа байтал уусан бол өнөөдөр тэр охин амьд байхгүй байх байлаа.

Архи уусан ээж нь "Миний охин угаасаа дарс уудаг юм" гэж ам руу цутгасан гэх мэдээлэл бий. Арай ч дээ, эх хүн мөн үү. Ийм хүний эх байх эрхийг нь шууд хасч, хүүхдүүдийг нь асрамжинд авах ёстой. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн дагуу 300 мянган төгрөгөөр торгоод өнгөрөв. Яагаад бага насны буюу дөнгөж 3 настай охинд согтууруулах ундаа шахсан байх уу.  
 
Хүүхдийн хамгийн ойр байх эцэг эх, хамаатан садан, ах дүү нарын хүрээлэл нь эргээд гэм зэмгүй, цагаахан хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүдийг хохирогч болгоод байна. Хүүхдийн эсрэг гэх тодотголтой санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлүүд тэдний эрүүл мэнд, амь нас, ирээдүйд ноцтой хохирол учруулсаар байна.

Итгэж найдаж ах дүүдээ үлдээсэн охин үрийг нь эрэмдэг болгож хүчирхийлсэн өчнөөн тохиолдол бий.

Өнгөрсөн сард гэхэд Баянхонгор аймагт төрсөн эцэг нь бага насны охиноо зүй бусаар хүчирхийлдэг байсан нь илэрч баригдав. Гэмт этгээдийн цагдан хорьсон ч хоригдож байх хугацаандаа оргож, гэмт хэргээ дахин үйлдсэн байгаа юм.
Мөн л эцэг эх хоёр нь салж, туурга тусдаа амьдардаг байж. Энэ үед үр хүүхэд хохироод үлдэж байгаа юм. Эцэг нь "Охиноо би авмаар байна. Охинтойгоо уулзмаар байна" гэж удаа дараа гуйж авч яваад улмаар чихэр жимсээр хуурч охиноо зүй бусаар өвтгөж хүчирхийлдэг байсан талаар ээждээ ярьжээ. Гэвч тэнэглэл нь харгислал хэтэрсэн эцэг нь мэдүүлэгтээ "Салаад явсан  ээжээс нь авч байгаа өшөө авалт" гэж тоохгүй хэлсэн байгаа юм.

Мөн өнгөрсөн амралтын өдөр бүрэн гүйцэд хөлд ч ороогүй өөрийн төрсөн хүүгээ архинаас болж гудамжинд төөрүүлэн орхисон харамсалтай хэрэг гарчээ.

Өвлийн хүйтэн шөнө гудамжинд уйлж буй хүүхдийг дулаацуулж аврахгүй юм гэхэд зохих байгууллагад хандаагүй олон цаг болсноос хүү өдгөө гар хөлөө тайруулах хэмжээнд хүрчээ.

Тодруулбал, энэ сарын 13-ны өдрийн шөнийн 01.00 цагт цагдаагийн шуурхай утсанд гудамжинд бага насны хүүхэд төөрсөн байдалтай уйлж байна гэх дуудлага иржээ. Мэдээллийн мөрөөр цагдаагийн бүрэлдэхүүн очиход Баянзүрх дүүргийн 22-р хороонд Алтан-Өлгийн тоотод оршин суух хаягтай 39 настай эмэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон үедээ өөрийн төрсөн хүү болох нэг ой хоёр сартай эрэгтэй хүүхдийг гудамжинд орхин явсан байжээ. Улмаар нэг ой хоёр сартай эрэгтэй Г нь хөл, гар нь хөлдсөн байдалтай олдсон юм. Шөнийн харанхуй гудамжинд ээжийгээ нэхэж олон цаг уйлсан бяцхан хүү хүнд хэлбэрийн хөлдөлттэй одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Мөн энэ сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутагт хоёр настай эрэгтэй хүүхэд гэртээ байх үедээ халуун тогоотой хоолонд түлэгдэж амь насаа алдсан хэрэг гарсан байна.

Дээрх гэмт хэргүүд нь ихэвчлэн хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн тохиолдлууд байгаа юм. Учир нь эцэг эхийн үүргээ бүрэн биелүүлээгүй, хүүхдийг хараа хяналтгүй орхих, асран хамгаалах үүргээ дутуу биелүүлсний улмаас өөрийгөө хамгаалах  чадваргүй бага насны хүүхдүүд ахуйн хүрээнд болон гудамж талбайд ноцтой бэртэж байгаа юм.

Иймд эцэг эхчүүд та бүхэн өөрийн хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгах, хүүхдийн хажууд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, тэдний эрхийг зөрчихгүй байх ёстой. Хэрвээ энэ үүргээ биелүүлэхгүй бол тэдний эцэг эх байх эрхийг нь насаар хасъя. Үр хүүхэдтэй байж аав, ээжээ гэж дуудуулах эрх тэдэнд байх ёсгүй. Яагаад гэвэл хүүхдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа учраас тэр.
Хариуцлагагүй эцэг эхчүүдэд хатуу хариуцлага тооцдог баймаар байна. Эрүүгийн хуулиар эцэг эх байх эрхийг нь хасдаг байя. Энэ бол маш зөв шийдвэр юм.

О.Гэрэл
Оллоо.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>