Бразилд далан нурсны улмаас амиа алдсан хүний тоо 168 хүрчээ
Бразилын зүүн өмнөд нутгийн Минас-Жирайс мужид өнгөрсөн сарын 25-нд "Vale” компанийн уурхайн далан нурсны улмаас амиа алдсан хүний тоо 168 хүрч, 186 хүн сураггүй байгаа тухай тус улсын Минас-Жирайс иргэний хамгааллын байгууллагаас мэдээлжээ.
Далан нурсны дараа Брумадинью хотоос 3000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Үүний зэрэгцээ уурхайн ойролцоох далан нурах эрсдэлтэй байсан учраас аврах ажиллагааг түр зогсоогоод байсан бөгөөд одоо аврах, эрин хайх ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байгаа гэж тус байгууллагаас мэдээлэв.
Далан нурахаас өмнө уурхайн ажилчид хоолны танхимд үдийн цайгаа ууж байсан бөгөөд аврах багийнхан шаварт дарагдсан тус танхимд хүрэхээр ажиллаж байгаа гэж албаныхан мэдэгджээ.
Өмнө нь 2015 онд Минас-Жерайс мужийн Мариана хотод Австралийн "BHP Billiton” болон "Vale” компанийн хамтран удирддаг уурхайн хог хаягдлын далан нурж 19 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн орон гэргүй болж байсан аж.