”ҮНЭ ЦЭНЭ”

826

 

”ҮНЭ ЦЭНЭ”

 

Нэгэн аав өдөржин машин угаалгын газар машин угаачихаад сунаж унах шахан гэртээ иртэл охин нь халуун хоол хийгээд тавьчихсан, гэрээ цэмцийтэл цэвэрлэчихсэн хичээлээ хийгээд сууж байв. Дээрхи байдлыг хараад аав нь гайхсан ч ядарсандаа, халуун хоолоо идчихээд охиндоо баярлаад сууж байтал охиных нь ангийнх нь багш утасдаж охин нь хичээлээ тасласаныг хэлээд ирж уулзахыг хүсэв.

Цэвэрхэн гэр, халуун хоолны учрыг мэдсэн аав охиноо нүүр нүдгүй загнасан ч охин нь юу ч хэлсэнгүй. Маргааш өглөө нь хөөрхий аав том болсон охиноо дагуулаад сургууль руу нь хүргэж өгөхөд, өндөр төлбөртэй сургуулийн боломжтой айлын хүүхдүүд өнөөх өнгө нь гандсан хувцастай угаагч аавыг хялам цэхэм хийж харж, охиныг нүүр хийх газаргүй болгожээ. Ийнхүү аав нь охиноо ангид нь оруулж өгөн багштай нь уулзчихаад ажилруугаа яаран явав.

Охин аавыгаа ангиас нь гарч явах гэхэд нь гүйж очоод өөрийг нь хичээл тарахаар заавал ангийнх нь үүднээс ирж авахыг захьжээ, хэрэв ирж авахгүй бол маргааш дахин хичээлээ таслана гэж сүрдүүлжээ. Ингээд аав нь өөрийнхөө өнгө нь гандсан хувцас, байгаа байдлаас ичиж, охиноо эвгүй байдалд оруулахаас санаа зовсон хэдий ч хичээлийг нь таслуулахгүйн тулд уурлан, уцаарлан байж арга буюу зөвшөөрч ирж авахаар болжээ.

Орой болж аав нь ажил тарах болоогүй байхад менежерээсээ чөлөө авахаар ороход дургүйцэх нь битгий хэл өөдөөс нь "Та өнөөдөр эрт харьж амраад, маргааш өглөө эрт ирээрэй” гээд явуулав. Гайхсан хэдий ч охиноо сургуулиас нь авахаар яаран гүйсээр сургууль дээр нь очжээ. Удсан ч үгүй дунд сургуулийн хичээлийн хонх чих дүнгэнэтэл жингэнэж охины ангийн хаалга онгойход хаалгаар гүйлдэн гарч ирсэн хүүхэд бүр түүнтэй мэндэлж, хүндлээд байгааг хараад өөрийн эрхгүй гайхшралд орон зогсов. Гэтэл охин нь ангиасаа гарч ирээд аавдаа үнсүүлчихээд багш тантай уулзана гэсэн би түрүүлээд гарж байя гээд ангийнхаа хүүхдүүдтэй гүйлдээд явчихав.

Охины ангийн багш түүнийг ангид урьж оруулаад охиных нь бичсэн "Үнэ цэнэ” гэсэн гарчигтай зохион бичлэгийг уншуулжээ. Охин нь ийн бичжээ.

Би өглөө болгон ангийнхаа хүүхдүүд шиг аав ээжийнхээ машинаар хүргүүлж сургуульдаа ирдэггүй. Автобусаар л ирдэг. Надад "I phone”, "I pad” байхгүй. Миний сольж өмсөх хувцас цөөхнийг манай ангийн хүүхдүүд мэддэг болохоор би сургуульдаа ирэхээс ч ичдэг. Надад кафед сууж, кофе ууж, зайрмаг идэх мөнгө байхгүй болохоор би хичээлээ тараад ангийнхаа охидуудтай нийлж чаддаггүй.

Учир нь миний аав машин угаалгын газар машин угаадаг бага цалинтай ажилчин. Би сарын өмнө энэ сургуулиасаа гарч жирийн хүүхдүүдтэй, жирийн сургуульд явахыг гуйхад аав маш их уурласан. Би жирийн сургуульд явахын тулд аавыг авч өгч чадахгүй юм чинь гээд"I phone” авч өгөхгүй бол сургуульдаа явахгүй гэсэн. Гэтэл аав мань надад, намайг ганцхан сар хүлээвэл авч өгнө гээд хичээлээ таслахгүй, заавал онц сурах хэрэгтэй шүү гэсэн юм.

Ингээд би өчигдөр амралтын өдөр байсан болохоор аавтайгаа хамтдаа үсчин орж үсийн засуулъя гэж бодоод аавынхаа ажил дээр нь очиж даргаас нь чөлөө гуйх гэтэл дарга нь надад хандан аавыг угаах ёстой машинуудаа түрүүлж дуусгаад галт тэрэгний буудал руу ачигч хийхээр явсан гэсэн. Ингээд би гэртээ ирээд баахан уйлж сууснаа аавыгаа ирэхэд нь халуун хоол хийгээд гэрээ цэвэрлэцэн байж бая гэж бодоод гэрээ цэвэрлэж байгаад аавынхаа шкафан дотор гадуур нь улаан туузаар ороосон хайрцагтай зүйл байхыг хараад сонирхоод үзтэл "I phone” байсаныг нь харсан юм.

Тиймээ өнөөдөр миний төрсөн өдөр. Миний аавын авч өгсөн "I phone” манай ангийн хүүхдүүдийн барьдаг утастай адилхан үнэтэй ч аавын минь хөлс хүч, сэтгэл зүрхийг тооцвол үнэ цэнэ нь харьцуулшгүй их юм. Би аавынхаа ачийг нь хариулж, хүслийг нь биелүүлэхээр хичээн суралцах болноо. Миний аав энэ хорвоогийн хамгийн сайн аав, би аавдаа хайртай” гэсэн байжээ.

Тиймээ хүний амьдралын үнэ цэнэ гэдэг сэтгэл дээр тогтдог юм шүү.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>