НЭГ ХҮНД НООГДОХ НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ 2020 ОНД ТАВАН АМ МЕТРТ ХҮРГЭНЭ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар нийт есөн асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, тохижилтын чиглэлээр хийж буй ажлын танилцуулгыг сонсох байлаа.
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2019 онд хийсэн ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат хийсэн бол тохижилтын чиглэлээр хийж буй ажлын танилцуулгыг Тохижилтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Гансэлэм хийлээ.
Танилцуулгын эхэнд хот суурингийн ногоон байгууламжийн тухай хууль нэн шаардлагатай байгааг хэлээд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр дэлхийн түвшинд хүрч ажиллахыг зорьж буй гэлээ. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд 2030 он хүртэл 3780 гаруй га талбайг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн сүлжээ бий болгохоор тусгасан байдаг ажээ. Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг гарган, нийслэлийн ИТХ-аар батлуулсан талаар мөн дурдсан. Үүний хүрээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2016-2017 онд 2.4-3.2 метр квадрат болгосон бол 2020 гэхэд 5 метр квадратад хүргэхээр ажиллаж байгаа гэлээ. Мөн шинээр 17 200 га талбайг цэцэрлэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид асуулт, санал хэлсэн. Тухайлбал, Тэргүүлэгч Г.Төмөрбаатар “Ойрын гурван жилд тохижилт, ногоон байгууламжийн ажил сайн хийсэн. Гэхдээ иргэд, аж ахуй нэгжийн оролцоог хангах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Мөн хийж байгаа ажлаа сурталчлах, олон нийтэд хүргэх тал дээр анхаарч ажиллаарай” гэсэн саналыг хэлсэн.
Тэгвэл Тэргүүлэгч Ш.Үнэнбатын зүгээс Улаанбаатар хотод нэг наст цэцэг тарьж төсвийн мөнгийг үргүй зардаг байдлыг зогсоож, мод авчирч тариад, усалгаа, арчилгаа хийгээд явж байгааг сайшааж байсан юм. Мөн дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор нийслэлчүүдийн хувьд харшлын асуудал хүндрэлтэй байдаг учраас шарилж устгах ажлыг сайн хиймээр байгааг хэлсэн. Мөн мод бутыг машинаар дайрч сүйтгэдэг асуудлыг анхаарч, эргэн төлөх үнэлгээг нь тогтоохдоо модны үнэнээс гадна үйл ажиллагааны зардлыг тусгаж, хариуцлагагүй жолооч нараар төлүүлж бай гэсэн саналыг хэлсэн.
Мөн тохижилтын ажлыг хийхдээ байршлыг яаж сонгодгийг лавласан. Тухайлбал, тэрбээр Чингэлтэй дүүрэгт байрлах Баянбүрдийн тойргийг тохижуулах зайлшгүй шаардлага байгаа гэсэн юм. Баянбүрдийн орчим бохирын цооногтой бөгөөд тус цооногт зуслан болон ойр орчмоос бохир авч ирж хийдэг гэнэ. Хотын төвд бохирын цооногтой байж болохгүй учраас цооногийг нь битүүлээд тохижилт, ногоон байгууламж хийгээд зуслангийн зам хүртэл тохижуулах шаардлагатай байгаа гэсэн юм. Түүнчлэн Саппоро орчим мод зүлэг тарих боломжгүй бетонон хашлагуудыг буулгаад тохижуулъя гэсэн саналыг мөн хэлсэн. Одоогоор тус газарт архичид олноор цугларч, гэмт хэрэг зөрчил гарах нөхцөл бүрдээд байгаа учраас ТҮЦ-үүдийг буулгаж, тохижуулан, цэцэрлэгжүүлэх ёстой гэсэн юм.
Эдгээр асуултуудад Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн зүгээс ганц Саппоро биш, хууль журамд тусгаснаар аж ахуй нэгжүүд нь ойр орчмын 50 метр доторх газрыг тохижуулах, цэвэрлэх тал дээр хариуцлагагүй хандаж байгаа олон газар бий гээд цаашид Саппоро орчим тохижилт хийхээр ажиллаж байгаа гэлээ.
Харин тохижилт хийх газрын байршлыг сонгохдоо Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх мастер төлөвлөгөө болон тохижилтын ажлын төлөвлөгөөнд тусгасаны дагуу хийж байгаа гэлээ. Улаанбаатар хот доторх, шарилж, ашиггүй ургамлыг багасгах, дахин ургахгүй байхад анхаарч жилд намар хавартаа “Шарилжгүй Улаанбаатар” аян өрнүүлж тусгай зориулалтын бодисоор Туул, Дунд зэрэг голуудын шарилжийг устгах ажлыг хийж, арга хэмжээ авч байгаа гэлээ.
Түүнчлэн Тэргүүлэгч Б.Бямбадоржийн зүгээс том нарс моднуудыг авчирч тарьж байгаа асуудлыг хөндсөн бөгөөд ургалт нь ямар байгааг асуусан. Мөн өнгөрсөн жил тохижуулсан Сөүлийн гудамжинд дулааны шугам засаж буйтай холбоотой эвдэж, сүйтгэсэн асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэсэн асуултыг тавьсан. Харин Тэргүүлэгч Ё.Цацралтуягийн зүгээс тохижилтын ажил хийгдсэн газруудыг эзэнжүүлэх асуудалд анхаарах хандуулахыг захисан юм. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва саналаа хэлсэн. Тухайлбал, юуны түрүүн Улаанбаатарын хөрсийг сайжруулах асуудал маш чухал гээд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг зүлэгжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг захилаа. Мөн нэг наст цэцэг нь хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх сайн талтайн дээр зуны улиралд Улаанбаатарт жуулчид олноор ирдэг учраас зардал өртгөө зохицуулаад тарьж ургуулж байх хэрэгтэй гэсэн юм. Мөн зүлэг, цэцэг тарих боломжгүй явган хүний зам, талбай зэргүүдэд торхтой мод, цэцгүүдийг байршуулах ажлыг хийх хэрэгтэй гэсэн юм. Төгсгөлд нь цаашид хувийн хэвшлүүдийг уг ажилд татан оролцуулах тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэлээд цаашид арчилгаа, усалгааны төсвийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч, шийдвэрлэх болно гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ