Марафон дахь ялалтын талбараас Афин хот хүртэл 42 км 195 метр. Холын зайн марафон гүйлтийн нэр, уралдах зай энэ бүгд манай тооллын өмнөх (МТӨ) 490 онд болсон Персийн дайнтай холбоотой. Түүхэнд "Marathon, Battle of” гэж тэмдэглэсэн нэгэн шийдвэрлэх тулалдаан одоогийн Грекийн нийслэл Афины ойролцоо 40-өөд км-ийн зайтай орших Марафоны талд болжээ. Милтиадын удирдсан Афины цөөн цэргийн хүчин Персийн морин цэрэг ирж амжаагүйг ашиглан I Дарийн хүчирхэг армитай тулалдаж бут ниргэснээр дайснаа Грекээс ухрааж чадсан байна. Энэхүү Марафоны тулалдаанд афинчуудын 192 цэрэг амь эрсэдсэн бол Персийн буюу I Дари хааны 6400 цэрэг амиа алджээ. Грекүүд тулалдаанд дийлснийг дуулгахаар нэгэн цэрэг Марафоноос Афин хүртэл 42 км 195 метр (26 миль 385 ярд) замыг туулан гүйж дайснаа ялсныг хотынхонд мэдэгдээд, бахардан унаж газар дээрээ нас барсан ажээ. Тулалдаанд гардан оролцож, сульдаж ядарсан, дээр нь бага зэргийн хөнгөн шархтай ч шүд зуун тэсч гүйсээр афинчуудад ялалтын баярт мэдээ дуулгаж чадсан тэрхүү элч цэргийн дурсгалд зориулсан холын зайн марафон уралдаан түүхэнд баримттайгаар тэмдэглэгдсэн МТӨ 776-394 оны хооронд зохион явуулсан 293 удаагийн олимпын наадамд спортын нэг төрөл болж орсон байдаг.
МТӨ үед эртний грекүүдийн Олимп ууландаа хийдэг наадам нь спортын тэмцээн төдийгүй шашны баяр байсан. "Эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн мэргэн үг МТӨ үеийн олимпын наадмын гол үзэл санаа, уриа дуудлагаас улбаатай гэдгийг хэлье. Тухайн үед олимп болоход тулалдагч талууд дайн байлдаанаа зогсоодог энхтайванч ёс горимтой байлаа.
МТӨ тав, дөрвөн зууны үеэс ромчууд хүчирхэгжин эртний Грекийн нутаг дэвсгэрийг эзлэн хараат болгож, эцэстээ Христийн шашныг төрийн албан ёсных болгон иргэдэд нь шүтэн бишрэхийг тулган хүлээлгэж эхэлснээр тэр цагийн олимпын наадам төгсгөл болох зам руу оржээ. Эцэстээ Нэгдсэн Ромын төрийг МТӨ 395-379 онд захирч байсан, эзэн хаан Федосий (МТӨ 395-346) нь олимпын наадмыг МТӨ 394 онд зогсоох зарлиг гаргасан түүхтэй. Харин орчин үеийн гэсэн тодотголтой олимпын наадмын эхнийх нь 1896 онд Грекийн Афин хотноо болсон юм. Энэхүү агуу үйлсийг санаачлан хэрэгжүүлсэн эрхэм бол Францын соён гэгээрүүлэгч Пьер Де Кубертин юм.
Тэрээр 1894 онд Парис хотноо Олон улсын тамирчдын их хурлыг "Олимпын тоглолтын сэргэлт” сэдвээр зохион байгуулсан бөгөөд Олимпын хартийн үндсэн зарчмыг батлуулжээ. Улмаар энэ оныхоо зургаадугаар сарын 23- нд Олон улсын олимпын хороо (ОУОХ)-г байгуулсан байна. Тус хорооноос бид бүхний мэдэх "Citius Altius Fortius” гэх гайхамшигт уриатай орчин үеийн олимпын наадмуудын анхныхыг нь Афин хотод зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Спортын "хатан хаан” гэгддэг хөнгөн атлетикийн онцлог төрөл холын зайн марафон гүйлт (эрэгтэй) 1896 оны олимпын анхны наадмаас хойших бүх 31 удаагийнхад гол тэмцээний нэг болж ирлээ. Энд онцлоход, 1984 оны Лос-Анжелесын XXIII олимпоос эхлэн эмэгтэйчүүд албан ёсоор холын зайн марафонд уралдах болсон. Олимпын наадмын түүхэнд домог болсон тамирчид бол 1960,1964 оны аварга Абебе Бикила (Этиоп), 1976, 1980 оны аварга Вильделер Церпинский (Герман) нар юм. Хамгийн гайхамшигтай нь Абебе Бикила пүүз өмсөлгүй хөл нүцгэн гүйж түрүүлсэн бөгөөд тэгэхдээ 2 цаг 15 минут 6 секундийн үзүүлэлтээр олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байлаа.
Манай марафончдоос хамгийн алдартай нь Монгол Улсын Гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од билээ. Тэрээр 2004, 2008, 2012, 2016 оны зуны олимпод дөрөв дараалан оролцсон бөгөөд "Лондон-2012”-ын нээлтийн ёслолд Монгол Улс, баг тамирчдаа төлөөлөн төрийн далбаагаа мандуулах тугч хэмээх нэр хүндтэй үүргийг хүлээж байлаа.
Эмэгтэй холын зайн гүйгчдээс анх удаа олимпын марафонд уралдсан тамирчин бол Олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаяр юм. Тэрээр 2004 оны Грекийн Афины олимпод урилгын цагаан хуудсаар, харин олимпод оролцох эрхийн урьдчилсан болзол биелүүлж 2012 оны Хятадын Бээжин, 2016 оны Бразилын Рио-де-Жанейрод уралдаж байсан. Манай эмэгтэй марафончдоос үндэсний шигшээ багийн гишүүн, олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа, эрэгтэйчүүдээс Ц.Бямбажав нар энэ зун долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд арлын орон Японд болох ХХХII опимпын ч наадамд оролцох эрхээ аваад байна. Урьд нь 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпод оролцож байсан, өнөө цагийн шилдэг марафонч Б.Мөнхзаяа нь өнгөрсөн сарын төгсгөлөөр Японы Осака хотноо болсон олон улсын тэмцээнд уралдаж ХII байр эзлэхдээ Монгол улсын амжилтыг 2 цаг 28 минут 3 секунд болгон шинэчлэн тогтоолоо. Ийнхүү өөрийн эзэмшиж байсан 2 цаг 29 минут 18 секундийн дээд амжилтыг эвдэхийн зэрэгцээ "Токио-2020” олимпод оролцох эрхийн болзлыг гурав дахь удаа биелүүлсэн.
Тэрээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Хонконгийн марафонд VI байрт шалгарч олимпод оролцох болзлыг анх удаа, дараа нь Австралийн "Алтан зам" олон улсын хөнгөн атлетикийн тэмцээнд амжилттай уралдаж, хоёр дахь удаа биелүүлсэн юм. Марафонч Б.Мөнхзаяа нь 2017 онд Тайваньд болсон олон улсын нэр хүндтэй "Нью Тайпей” марафонд түрүүлж, тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны, Ази тивийн хоёр дахь тамирчин болж байв.
Үндэсний шигшээ багийн гишүүн, өмнөх "Рио-2016” олимпод оролцож байсан туршлагатай тамирчин Ц.Бямбажав хэдхэн хоногийн өмнө хоёрдугаар сарын 2-нд Японы Ойта хотод болсон марафоны "Бепу Ойта” тэмцээнд амжилттай оролцож, хувийн 2 цаг 12 минут 56 секундийн амжилтаа 2 цаг 9 минут 3 секунд болгон шинэчилж, шагналт V байрт шалгарч "Токио-2020” олимпын марафон гүйлтэд уралдах эрх авлаа. Ташрамд хэлэхэд, Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос олимпын марафон гүйлтэд оролцох эрх авах болзлын босгыг эрэгтэй гүйгчдэд 2 цаг 11 минут 30 секунд, эмэгтэйчүүдэд 2 цаг 29 минут 30 секундээр тавьсан. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хугацаанаас дотогш амжилт үзүүлсэн марафонч олимпод оролцох эрх авдаг юм. 1896 оны Афины анхны олимпоос эхлэн 2016 оны Рио-де-Жанейрогийнх хүртэлх 31 удаагийн олимпод (дэлхийн I, II дайнаас болж 1916, 1940, 1944 онд тасарсан) спортын тэмцээн уралдаан нь марафон гүйлтээр отголон төгсөж ирсэн уламжлалтай. Ер нь марафон гүйлтийн бариа олимпын хаалтын ёслолын нэг хэсэг болдог батлагдаагүй дүрэм тогтоод буй. Манай Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав нарын холын зайн гүйгчдийн уралдах марафон нь "Токио-2020" олимпын наадмын хаалтын ёслолын өдөр буюу наймдугаар сарын 9-нд болох юм.
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин