Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд үлгэр дуурайл үзүүлнэ үү, Ерөнхийлөгч өө

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Х.Баттулга танд 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг эргэн сануулъя. Энэ өдөр та эрх баригч намынхны санаачилгаар боловсруулан баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ёсчлон баталсан билээ. Тухайн үед та “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ёсчиллоо. Иргэн бүр унштугай, дагатугай” хэмээн тодотгоод “Анхдугаар Үндсэн хуулийн 95 жилийн ойн энэ өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталгаажууллаа. Улс орны эрх ашгийг нэн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмбэлэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ. Юуны түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүйн сайн сайхан эрэмбэлэгдэх учиртайг хэн ч мартаж болохгүй. Монголчууд сөргөлдөх бус эвлэлдэх, хойшоо чангаах бус урагш тэмүүлэх цаг ирсэн учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг ёсчилж байна” хэмээсэн.
Ийнхүү таны гүн хүндэтгэлтэйгээр ёсчилсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цаг буюу ирэх тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас эхлэн нийтээр дагаж мөрдөн, хэрэгжүүлэх гэж байна. Товчхондоо, Ерөнхийлөгч Х.Баттулга ба Монголын ард түмэн Үндсэн хуулиа дагаж мөрдөнө гэдгийг хоёрдмол утгагүйгээр заасныг онцолъё.
Хэрэгжүүлэх хугацааны тухайд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд “Хойшлуулалгүйгээр шууд хэрэгжүүлэх учиртай” гэх саналыг гаргасныг энд тухайлан тэмдэглэе. Ерөнхийлөгчийн “гал тогоог” бүрэн хариуцаж байсан гэдэг утгаар нь ойлговол Х.Баттулгын байр суурь байсныг ч үгүйсгэх аргагүй. Ямартай ч ирэх тавдугаар сард Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг мөрдөж эхлэх үед Төрийн тэргүүний албан ёсны байр суурь тодорхой болох биз.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан сүүлчийн хүн болж, төрийн ноён нурууг сэвтүүлэхгүй дуусгах уу. Эсвэл дахин нэр дэвших хүсэл, шуналд хөтлөгдөн Ерөнхийлөгчийн сэнтийг “шулмын тавцан” болгох уу гэдгийг тэр л шийднэ. Тийм ч учраас бид түүнээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд үлгэр дуурайл үзүүлэхийг уриалж байгаа билээ.
Яагаад гэвэл, Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажуулдаг. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн эрх ашгийг хамгаалсан заалт оруулахгүй бол болохгүй гэдэг агуулгаар дээрх заалтыг анх төсөлд тусгасан байх. Гэтэл хуулийн төслийг батлах эцсийн мөчид 2025 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэсэн заалтаа авчихсан. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжгүй болж байгаа юм.



