Төлбөрөө хасахгүй хувийн сургуулиудад хувьсах зардал олгох хэрэгтэй юү

531

Манай улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, хөл хорио тогтоогоод багагүй хугацаа өнгөрлөө. Хагас жил орчим танхимын сургалт ороогүй учир хувийн сургуульд хүүхдээ сургадаг эцэг, эхчүүдийн багагүй хувь нь төлбөрөө буцааж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж буй. 

ХУВИЙН СУРГУУЛИУД ТӨЛБӨРӨӨ БУЦААЖ ОЛГОХГҮЙ ГЭВ

Бид хувийн сургуулиудын төлөөлөл болгож дараах сургуулиудаас сурагчдын сургалтын төлбөрийг буцаах, эсвэл ирэх хичээлийн жилд шилжүүлэх эсэхийг тодрууллаа. 

“Сакура” сургуулийн дэд захирал Н.Мөнхцэцэг: Манай сургуульд 600 гаруй хүүхэд суралцдаг. Бага, дунд, ахлах ангиасаа шалтгаалаад, төлбөр 7-8 сая төгрөг байдаг. Бид цахимаар хичээлээ цаг алдалгүй орж байгаа.

Сурагчид эхний улирлын төлбөрөө төлөөд, сурч байхад хөл хорио тогтоож, танхимын хичээл орохгүй байсан учир зарим эцэг, эх төлбөрөө хөнгөлөхийг хүсэж байгаа талаар бидэнд мэдэгдсэн. Харин манай сургуулийн удирдлагууд  төлбөрөө 100 хувь бүтэн төлөхгүй байхаар төлөвлөж байна. Энэ асуудлаар манай сургуулийн ТУЗ-ийн хурал ирэх сарын 1-нд болно. Багш, ажилчдынхаа цалин, сургуулийн урсгал зардлаа төлж байвал төлбөрийг 100 хувь авах шаардлагагүй гэж үзэж байгаа. Хувьсах зардал гэж жилд нэг хүүхдэд ойролцоогоор 317 мянган төгрөг өгдөг. 

“Шинэ-Үе” сургуулийн дэд захирал Б.Цэрэндолгор: Манай сургуульд 1100 хүүхэд суралцдаг. Сургалтын төлбөрийн хувьд 4-4.5 сая байдаг. Сурагчид агуулгын хүрээнд үзэх ёстой хичээлээ үзэж байгаа учраас хичээл хоцролт гэж байхгүй. Шалгалтуудаа цахимаар удахгүй авч эхлэнэ. Тийм учраас манайх төлбөрөө хөнгөлөхгүй 100 хувь авна. Эцэг, эхчүүд хангалттай хэмжээний сургалтаа вач байгаа учир гомдол гаргахгүй байгаа. Харин нэг ээж “Төлбөрөө хөнгөлөх үү” гэж асуусан. Сургалтын чанар, цахим хичээл агуулгын хүрээнд явагдаж байгаа учир асуудалгүй гэж үзсэн. Хувьсах зардлын төлбөр одоогоор орж ирээгүй байна. 

“Сант” сургуулийн удирдлага: Сургуулийн төлбөр 6-8 сая төгрөг гэдэг.  Танхимын хичээл орохгүй байгаа ч цахимаар хангалттай хичээл орж байна. Тийм учраас манайх сургалтын төлбөрөө хөнгөлөхгүй. 
Сургуулиудын олонх нь төлбөрөө хөнгөлөхгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Харин зарим сургуулийн хувьд энэ асуудлаар хэлэлцээгүй байгаа учир мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. 

Т.НЯМ-ОЧИР: БСШУСЯ-НААС ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ТӨЛБӨРИЙГ ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖГҮЙ

Хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. 

-Коронавирусийн халдвартай  холбоотойгоор боловсролын байгууллагууд үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Гэтэл хувийн сургууль, цэцэрлэгүүд эцэг, эхчүүдээс мөнгөө төлөхийг шаардаж буй мэдээлэл байна.  Уг нь бол сургуулиуд мөнгийг нь буцааж өгөх ёстой юм биш үү. БСШУСЯ–наас үүн дээр ямар байр суурь баримталж байна вэ. Сургалтын төлбөрийг буцааж олгох шийдвэр гаргах боломжтой юу? 
-Хөл хорио тогтоосноор гурван сарын хугацаанд сургуулиудын үйл ажиллагаа тасалдлаа. Гэхдээ телевизээр цахим хичээл орж байгаа. Хувийн хэвшлийн сургуульд сурдаг сурагчид цахим хичээлийг үзэж байгаа ч нэмэлтээр сургуулиас нь боловсрол олгох үйл ажиллагаа явагдаж байна. Танхимын сургалт тасалдсантай холбоотойгоор зарим сургуулийн эцэг, эхчүүд зайны сургалт хангалтгүй байна гэх гомдол гаргаж байгаа. Харин зарим нь хангалттай, сайн байна  гэж санал, хүсэлтээ хэлж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн сургуулиудад 5200 гаруй багш, ажилтан ажилладаг. Үүнтэй холбоотойгоор сургуулийн удирдлагуудад ажлын байраа хадгалах, дараа жилийн хүүхдүүдээ элсүүлэх гээд нэлээн хүндрэл бэрхшээл тулгарч байна. Төлбөрийн хувьд манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн 158 сургуулийн 14 хувь нь таван сая төгрөгөөс доош төлбөртэй. Тэд төлбөрөө авахдаа улирлаар, сараар эцэг, эхчүүдийнхээ бололцоонд тургуурлаж авдаг учир төлбөр төлөлт төдийлөн хангалттай биш байна гэж байгаа. Мөн эцэг, эхчүүд танхимын сургалт аваагүй учраас төлбөрөө буцааж авах, хөнгөлүүлэх, дараагийн улирал руу шилжүүлэх санал гаргаж байна. Үүний дагуу хувийн сургуулиуд чиглэл өгч, ажиллаж байна. 

-Яамнаас хувийн сургуулийн төлбөрт зохицуулалт хийх боломжгүй гэсэн үг үү? 
-Иргэн, байгууллага хоёр гэрээ байгуулаад, хоорондоо шийдэж байгаа асуудал. Харин яамнаас уриалга гаргаж, хувийн сургуулиудад хүргүүлсэн. Аль болох сургуулиудыг ажлын байраа хадгалж үлдэх, энэ хэцүү цаг үеийг хүндрэл багатай туулах, боломж бололцоогоор ажиллахыг уриалж байгаа. Төлбөрийн асуудалд манайхаас зохицуулалт хийх боломжгүй.

-Хувийн сургуулиудад олгодог хувьсах зардлыг олгож байгаа юу? 
-Хуваарийн дагуу олгож байгаа. Нийслэл, аймаг, сумын хаана үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалаад хувьсах зардал олгодог. Нэг хүүхдэд ойролцоогоор 270-450 мянган төгрөг төсөвлөж, хувьсах зардал хэмээн олгож байна. III, VI улирлын хувьсах зардлыг таслахгүйгээр олгох талаар хэлэлцэж байгаа.

-Цахим хичээлээс гадна хувийн сургуулиуд өөрсдөө бас хичээл орох ёстой. Гэтэл зарим хувийн сургууль огт хичээл заахгүй байгаа талаар эцэг, эхчүүд гомдол гаргаж байна. Ийм тохиолдолд тухайн сургуулиудад ямар хариуцлага тооцох вэ? 
-Асуудал зөвхөн энд л байгаа юм. Эцэг, эхчүүд хичээл орохгүй байж төлбөр авлаа гээд бухимдаад байна. Харин яамнаас сургуулиудад давхар хичээл орохгүй байгаа бол хүүхдүүдээс төлбөр авахгүй байхыг хүссэн. Харин цахим хичээлээс гадна хичээл орж байгаа бол эцэг, эхчүүдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн, чанартай боловсрол олгохыг хүсэж байгаа. Мөн төлбөрийн асуудал байгаа бол эцэг, эх, байгууллага хоорондоо зохицох хэрэгтэй. 

Салбарынх нь яам хувийн гэх тодотголтой сургуулиудаасаа “хүсэх”-ээс өөр хариуцлага тооцож чадахгүй гэнэ. Тэгэхээр хувийн сургуулиуд хичээлээ орохгүй байсан ч төлбөрөө нэхэмжлэх эсэх нь өөрсдийн дур ажээ. Харин тэгвэл танхимын хичээл орохгүй байгаа  энэ үед хувийн сургуулиудад улсаас хувьсах зардал олгох хэрэгтэй юү. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн сургуулийн нэг хүүхдэд дунджаар 300 мянган төгрөгийн хувьсах зардал олгодог гэж үзвэл 1000 хүүхэдтэй сургуульд улсаас 300 сая төгрөг олгодог гэсэн үг. “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжихгүй байгаа юм чинь үүнийгээ зогсоох хэрэгтэй бус уу.

ЭХ СУРВАЛЖ: Д.ЧАНЦАЛДУЛАМ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>