Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 77 хувьтай байна

167

Монгол Улсын Ерөнхий сайд мөн өдөр “ДЦС-IV” компанийн дулааны тоноглолын удирдах шит, ерөнхий удирдах шит, Турбоагергат 2-ын шинэчлэлт, хүчин чадал нэмэгдүүлэх төслийн явц болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав. Төвийн эрчим хүчний 58 хувийг үйлдвэрлэдэг тус компанийн үндсэн тоноглолын их засвар 76, өвөлжилтийн бэлтгэл 67 хувьтай байна. Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулах хүсэлт тавьсныг Ерөнхий сайд хүлээн авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэл өгөв. 

Эрчим хүчний салбарынхан засвар, шинэчлэлийн ажлаа ирэх сарын 15-ны дотор дуусгахаар төлөвлөсөн тухай сайд Н.Тавинбэх танилцуулав. Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 75-76 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10-17 хувиар өссөн гэсэн үзүүлэлт юм байна.

КОВИД-19 цар тахлаас үүдэн эрчим хүчний хэрэглээ төлөвлөснөөс 6.4 хувиар буюу 43 тэрбум гаруй төгрөгөөр буурсан. Иймээс импортын болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн цахилгаан эрчим хүчний хэмжээ, салбарын төрийн өмчит компаниудын тэвчиж болох зардлыг 9-өөс доошгүй хувиар, цахилгаан, дулааны эрчим хүчний авлагыг 58 хувь буюу 25 тэрбум төгрөгөөр бууруулжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний яамны ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Тэрээр өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Амгалан, Эрдэнэт, Дорнодын станцыг зэргийг барих, өргөтгөх зэрэгт анхаарч байгааг хэлэв.

Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, эрүүл хүнс, цемент, гангийн хэрэгцээг дотоодоос  хангаж, улмаар экспортод гаргах, дэд бүтэц, мэдээлэл, технологи, харилцаа холбооны салбараа хөгжүүлэх нь улс орны хөгжлийн үндэс гэж үздэгээ хэлэв. Үүнд төрийн бүх байгууллага, ялангуяа эрчим хүчний салбарынхан, төрийн албан хаагчид хувь нэмрээ оруулах учиртайг тэмдэглэв. 

Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагатай, дэг журамтай байж, хариуцсан ажилдаа эзэн байхыг захилаа. Мөн иргэддээ хүнд сурталгүй үйлчилж, зөвхөн хуулийн хүрээнд ажиллахыг сануулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.