Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо

401

   

Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо

 

/Н.Удаанжаргал: “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн адил богдхан төмөр замын ажлыг мөн адил амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна”/

          Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосны дагуу төмөр замын нээлт 08-р сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.   

          Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богдхан төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын дэд бүтцийн тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, шинэ дагуул хотууд бий болох, авто замуудын түгжрэлийг шийдэх хамгийн боломжит зөв шийдэл юм” хэмээн уламжиллаа. 

          Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумд, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн газар нутгийг дамжин, нийт 135,8 км үргэлжлэх юм. Төсөл 6 зөрлөг, 3 өртөө, нийт 16,6 км хоёр хонгил, 1520 мм өргөн царигтайгаар баригдана. Мөн 16.6 км урттай хоёр туннелийг анх удаа Монголчууд бүтээн байгуулах гэж байна. 

          Мөн тус үеэр Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлсэн үгэндээ “ЗХЖШ, УБТЗ-ын оролцоог тодорхой болгож энэ бүтээн байгуулалтад оролцох чиг үүргийг өгсөн. Их бүтээн байгуулалтын нарийвчилсан ажлууд ирэх оны 03-р сараас эхэлж хийгдэнэ. 135 км замын тухайд 2 туннелээс бусад ажлуудыг 2 жилийн хугацаанд барьж дуусгах тооцоотой ажиллаж байгаа бол  2024 онд багтааж 2 туннелээ ашиглалтад оруулна” гэж онцоллоо. 
          Уг төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн авто замын түгжрэл багасаж, ажлын байр нэмэгдэн, хүн амын төвлөрөл саарч, улмаар агаар, хөрсний бохирдол буурна. Түүнчлэн төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, нийслэл дэх хөдлөх бүрэлдэхүүний чимээ багассанаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>