Шинзо Абэ дан ганц Японыг бус дэлхийг өөрчилсөн удирдагч байв

456

Шинзо Абэ дан ганц Японыг бус дэлхийг өөрчилсөн удирдагч байв

 

Өнөөдрөөс гурван долоо хоногийн өмнөх 2022 оны долдугаар сарын 08-ны баасан гараг дэлхийн түүхэн дэх хар өдрүүдийн тоог нэгээр нэмэв. Жил бүрийн энэ өдөр хүмүүс Шинзо Абэ хэмээх Японы түүхэн дэх хамгийн шилдэг ерөнхий сайдыг эргэн дурсах, хүндэтгэл үзүүлэх "том алба”-тай боллоо. Төрийн тэргүүн, удирдагч нь амиа алдана гэдэг ихэвчлэн тухайн орны ард иргэдэд хамгийн хүндээр тусдаг. Гэтэл энэ удаа Япон улсын ард түмэн төдийгүй Шинзо Абэгийн төлөө дэлхий нийтээр харуусан гашуудаж, хэдэн өдрийн турш эмгэнэл зарлав. Тэгвэл яг юу Шинзо Абэг ийм их нэр хүндтэй, бусдын сэтгэлийн гүнд "шигтгэчихсэн” юм болоо гэсэн бодол хөвөрсөн өдрүүд үргэлжилсээр байна. Тиймээс энэ асуултад багахан хариу өгөх үүднээс энэ нийтлэлээ бэлтгэлээ.
 
ЯПОНЫГ АВАРСАН "АБЭНОМИКС”
 
Японы төрийн "ханхүү” хэмээн нэрлэгддэг Абэ бол удам дамжсан улстөрч. Түүний гэр бүлд парламентын гишүүн, сайд, хоёр Ерөнхий сайд гэсэн төрийн том албан тушаалтнууд байсан юм билээ. Шинзо Абэ 52 насандаа Ерөнхий сайд болсон нь Японы түүхэн дэх хамгийн залуу Засгийн газрын тэргүүнд тооцогддог. Үүнээс хойш тэрбээр хамгийн олон жил ерөнхий сайдаар ажилласан хүн хэмээн Японы түүхийн хуудаснаа бичигдэх хүртлээ тасралтгүйгээр ажилласан түүхтэй. Түүний мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, татварыг бууруулах,  хөрөнгө оруулалт татахад чиглэсэн бүтцийн шинэчлэл хийснийг нь "Абэномикс” бодлого хэмээн томьёолдог. Шинзо Абэ 2012 онд дахин ерөнхий сайдаар томилогдох үед Япон Фүкүшимагийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт, цунами, олныг хамарсан газар хөдлөлт, эдийн засгийн доройтол гэсэн олон асуудалд дарагдсан хүнд, хэцүү цаг үетэй нүүр тулаад байв. Энэ бүхнийг тэр "Абэномикс” бодлогынхоо хүчээр амжилттай даван туулсан билээ. Үүнээс гадна Абэ төрийг хэрхэн тогтвортой удирдаж, үндэсний аюулгүй байдлаа бат бэх хадгалж болохыг удирдлагын арга барилаараа үлгэрлэн харуулсан билээ. Тиймдээ ч Эзэн хаан Хирохито 1989 онд амиа алдсанаас хойш Японы ард түмэн ингэж  олон өдрийн турш уй гашууд автаж байсангүй хэмээн Их Британийн "BBC” агентлаг онцлов.  Абэ хоёр дахь удаагаа ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан "Япон эргэн ирлээ” хэмээн зарласан. Ийн тэр "Абэномикс” хэмээн өөрийн нэрээр нэрлэсэн эдийн засгийн төлөвлөгөөгөөрөө Японыг аварсан билээ.  Үүнээс гадна Үндсэн хуулийн есдүгээр зүйлийн өөрчлөлт бол Абэгийн хийсэн том, үр нөлөө ихтэй  шийдвэрүүдийн нэг. Тиймээс Японы ард түмэн түүнд хайртай байхаас өөр арга үгүй бизээ.
 
ДЭЛХИЙН УДИРДАГЧИД АБЭГИЙН ТУХАЙ ЮУ ХЭЛЭВ?
 
Жо Байден: Абэ амьдралаа Японы ард түмний төлөө зориулсан
 
Жо Байден Абэг амиа алдсан мэдээг дэлхий нийтэд зарласан баасан гарагт АНУ дахь Японы Элчин сайдын яаманд зочилсон. Ингэхдээ тэр эмгэнэлийн дэвтэрт "Абэ энх тайван, шударга ёсны бэлгэ тэмдэг байлаа” хэмээн бичиж, цэцэг өргөжээ. Энэ үеэрээ Жо Байден "Японы ерөнхий сайд асан, миний дотны найз Шинзо Абэ амиа алдсан мэдээ миний сэтгэлийг маш их шархлууллаа. Абэ Америкийн ард түмэнд нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлсэн билээ. Тэр амиа алдсан нь дан ганц япончуудын хувьд биш миний мэдэх бүх хүний хувьд туйлын гашуун мэдээ байлаа. Абэ амьдралынхаа бүх цаг хугацааг Японы ард түмний төлөө зориулж, ажилласныг бид мэднэ” гэж ярьсан байна. Харин бүрэн эрхийнхээ хугацаанд Абэтэй харилцаа сайтай байсан Америкийн ерөнхийлөгч асан Барак Обама "Хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хийсэн үйл хэрэг, Хирошимад зочилсон зэрэг бүх дурсамжаа би үргэлж санан дурсана” гэсэн байна.
 
Хатан хаан II Элизабет: Японыг хайрлах Абэгийн хайр мартагдашгүй
 
Их Британийн хатан хаан II Элизабет "Шинзо Абэ болон түүний гэргийтэй 2016 онд өөрийн эх оронд уулзаж байснаа би хэзээ ч мартахгүй. Японыг хайрлах түүний хайр, Их Британитай ойр дотно харилцаа тогтоох гэсэн асар их хүсэл эрмэлзлийг би тухайн үед мэдэрч байлаа” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
 
Антонио Гутерриш: Абэ бол олон талт үзлийг түгээн дэлгэрүүлэгч
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Абэ бол олныг хайр хүндлэлийг хүлээсэн, олон талт үзлийг түгээн дэлгэрүүлэгч гэдгээрээ мөнхөд дурсагдах болно. Тэр НҮБ-ын хөгжлийн бодлого, олон улсын эрүүл мэндийн төлөөх үйлсийг сурталчлагч, энх тайван, аюулгүй байдлыг дэмжигч байсан” гэж ярьжээ.
 
Жасинда Ардерн: Абэ ажилдаа бүхнээ зориулдаг зөөлөн сэтгэлтэй хүн
 
Шинэ Зеландын  Ерөнхий сайд Жасинда Ардернийн хувьд өөрийн албан үүргээ хүлээн аваад хамгийн анх уулзсан удирдагч нь Шинзо Абэ байжээ. Тэрбээр Абэг ажилдаа бүхнээ зориулдаг зөөлөн сэтгэлтэй хэмээн дүрсэлжээ. Энэ тухайгаа Ардерн "Өөрийн тэжээвэр амьтныг алга болгосонд харуусаж буй тухайгаа түүнтэй уулзахад ярьж байсан нь Абэг ямар сайхан сэтгэлтэй хүн байсны өнгөцхөн илэрхийлэл болов уу” хэмээн ярьжээ. Мөн Австралийн ерөнхий сайд Энтони Албанез "Абэ бол дэлхийн тавцан дахь аугаа удирдагч байсан. Түүний үйл хэрэг дэлхий дахинд нөлөөлж, Австралид их эерэг нөлөө үзүүлсэн” гэсэн бол Германы канцлер асан Ангела Меркель Абэгийн үхэлд ихэд цочирдсоноо илэрхийлсэн байна.
 
АБЭГИЙН МОНГОЛД НЭМСЭН "ЭРЧ” 
 
Харин манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Шинзо Абэ Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, "Эрч”, "Эрч нэмэх” санаачилга дэвшүүлэн Монгол Улсад гурван удаа айлчилсан Ерөнхий сайд гэдгээр түүхэнд бичигдэн үлдсэн юм. Түүнийг ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарсанд Монголын ард түмэн гүнээ талархаж байдаг билээ. Эх орны маань хөгжилд болон Монгол, Японы харилцаанд түүний оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монгол Улс, Монголын ард түмэн үүрд дурсан санах болно” хэмээн эмгэнэл илэрхийлсэн билээ.
 
сонин mn
Шинзо Абэгийн Засгийн газар Монголын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд худалдаа, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг төрөлжүүлэхэд онцгой анхааран ажиллаж байв.
 
Тодруулбал, Ерөнхий сайд Шинзо Абэ 2013 онд Монгол улсад хийсэн айлчлалынхаа үеэр экспортыг нэмэгдүүлж, аж үйлдвэрийг төрөлжүүлэхийн тулд Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг ил тод, тогтвортой болгох нөхцөл боломжийг бүрдүүлэх "Эрч” санаачилгыг хэрэгжүүлэхээ зарлаж байв. Мөн  хоёр  орны хооронд байгуулсан "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” нь Монгол Улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр  төдийгүй худалдаа, эдийн засгийн салбар дахь нэгэн томоохон дэвшил билээ.
 
Энэ хэлэлцээр нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргаж, экспортын барааны татварыг үе шаттайгаар бууруулах, худалдаанд учирч буй хориг саадыг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник, технологийг нэмэгдүүлэх тогтвортой таатай орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдол үзүүлсээр ирлээ. Ерөнхий сайд агсан Шинзо Абэ манай улсад гурван удаа албан ёсны айлчлал хийхдээ хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай шат ахин хөгжиж байгааг нотолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монголын экспортыг нэмэгдүүлэх, болон аж үйлдвэрийг төрөлжүүлэхэд чиглэсэн "Эрч нэмэх” санаачилгыг дэвшүүлж, хоёр тал амжилттай хэрэгжүүлсээр байгааг онцлох нь зүйтэй болов уу.
 
 
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>