Нохойн хараал нэг айлыг орвонгоор нь сүйрүүлжээ

2430

Нохойн хараал нэг айлыг орвонгоор нь сүйрүүлжээНийслэлийн гудамж талбайгаар шогшиж явдаг золбин нохдыг буудаж устгадаг "Нөөц" компани гэж бий. Харин тус компанийн үйл ажиллагаа өнгөрсөн оны зургаан сараас эхлэн энэ оны нэгдүгээр сар хүртэл гэнэтхэн учир битүүлгээр зогссон гэдгийг зарим нэг хүн мэдэж байгаа биз ээ. Золбин нохдыг устгах ажил яагаад зогссон талаар янз бүрийн л яриа сонсогдож байлаа.

 

"Нохой агнагчид хамаа намаагүй бууддаг учраас эзэнтэй нохдыг хүртэл буудаж хэл ам татлаад салахаа байсан. Хүний үнэтэй цайтай нохойг буудаж өрөнд ордог болсон" гэх юм уу "Нохой буудах нэрээр айлын цонх, яндан хага цоо бууддаг гэнэ лээ" гэх мэтийн ярианаас гадна мухар сүсгийн шйнжтэй үг яриа ч чих дэлдэж байв. Тодруулбал олон жил нохой агнасан нэгэн өвгөн яр шарханд баригдан хэвтэх гээд хэвтэж чадахгүй, суух гээд сууж чадахгүй, арай гэж хэвтэхээрээ ахин өндийж чадахгүй маш их зовж шаналж байхдаа "Би олон жил нохой агнасан хүн. Бараг 500 нохой цааш нь харуулсан байх. Ямар ч сүсэг бишрэлгүй болохоор залуу зандан үедээ ёр цээр гээчийг тоож хайхардаггүй явлаа. Харин нас өндөр болоод ирэх үед их нүгэл хийсэн гэж жаахан айдаг болоод байна. Биеэр маань гэнэтхэн яр шарх гарч эхэлсэн нь ч санаа зовоож байна. Эмч нар юунаас болж ийм яр шарх гараад байгаа учрыг ердөө ч ойлгохгүй байгаа. Харин лам нарт хандаж үзүүлэхээр "Амьтны хараалаас болж үүссэн өвчин байна" гэж хэлсэн. Олон нохой буудаж алсны гай л энэ байх" гэж халагласан нь нохой агнагчдын дунд гэрлийн хурдаар тархаж, тэд айж цочирдсондоо нэг бол цалин нэм эсвэл өөр хүмүүс ажилд авч нохой агнуул хэмээн эсэргүүцэл илэрхийлэн энэ ажил нам зогссон гэнэ гэсэн цуурхал гараад байсан юм. Нээрээ ч нохой агнах нь монгол хүний хувьд хамгийн цээртэй ажил. Монголчууд бид нохойг хүн төрлөө олох гэж яваа амьтан зовоож болохгүй гэх юм уу хэн нэг нь талийгаач болбол нохой сайн хооллох хэрэгтэй тэгвэл их буян болно гэж үздэг. Гэтэл нохой агнагчид нийслэл хотын оршин суугчдын амар амгалан, цэвэр цэмцгэр байдлын төлөө нохдыг хэдэн арваар нь алж гараа цус болгодог билээ, Тэгсэн атлаа маш бага цалин хөлс авдаг. Тиймээс зовж үхсэн өвгөний үг нохой агнагчдад нөлөөлж тэд хожим хойчийн хор хөнөөл, үр дагавараас айж хэдхэн төгрөгийн төлөө нохой алахаас татгалзсан байж болох талтай.

 

Гэхдээ энд нохой алж устгадаг "Нөөц" компанийн үйл ажиллагааны тухай биш харин эндээс сэдэвлэн өөр нэг зүйлийн талаар бичихээр шийдсэн юм. Нохой агнахдаа нүдийг нь боодог нэгэн ёс монголчуудын дунд өргөн тархсан  юмсанж.

Учир нь нохой өөрийг нь хөнөөсөн хүнийг харцандаа тусган авч эргээд нөгөө хүнээсээ өш хонзон авдаг гэж үздэг ажээ. Энэ нь үнэн байж магадгүйг нэгэн малчин эрд тохиолдсон явдал нотлоод байх шиг санагдана. Манлай хэмээх эр согтуудаа өөрийнхөө тэжээсэн жингэрийг дөрвөн гөлөгтэй нь хамт зэрлэгээр хядаж алаад гэр бүлээрээ хэрхэн хиарсан тухайгаа нулимс мэлтэгнүүлэн ярьсныг өгүүлье.

 

Манлай хар багаасаа эмнэг хангалтай ноцолдож өссөн болоод ч тэр үү моринд их эрэмгий бас морь сайн таньдаг, уяа сойлгыг нь сайн тааруулдаг нэгэн байжээ. Хорь дөнгөж. хүрүүтээ л нас насны морь уяж өөрийнхөө сумын наадамд нэлээн дээгүүр давхиулдаг болсон төдийгүй өөр бусад сумын наадмаас хүртэл айраг түрүү хүртэж нутгийнхандаа ихэд нэр хүндтэй болжээ. Тэр ч байтугай энд тэнд уригдан морь мал шинжиж, дайлуулж цайлуулдаг болсон бөгөөд аажимдаа шал согтуу хүнээр өргүүлэн орж ирдэг болжээ. Сүүлдээ бүр гэртээ тогтохоо болиод хэдэн өдрөөр ийш тийш явдаг болсон байна.

 

Зэргэлдээ сумынхаа нэг баяны холоос худалдаж авсан хурдан удмын үрээний уяаг шавхааж байгаа нэрээр хэдэн өдөр алга болсон тэрбээр оройхон гэртээ согтуу ирэхэд нь хажуу айлын нь эзэгтэй "Танай шар жингэр хүүг маань урчихлаа. Манай хүүхдийн гуя авах юмгүй улаан нялга болоод одоо уйлаад хэвтэж байна. Чи мөнгө төгрөг өг. Бид хүүгээ хотод аваачиж эмчлүүлнэ. Танай нохойны эсрэг цагдаад гомдол гаргана. Алдар нэртэй мундаг уяач нохойгоо сургаж чадаагүйн харгайгаар алгын чинээ хүүхэд хохирлоо гэдгийг хавиар нэг мэдэж аваг" гэх зэргээр чарлан дайрсан аж. Гэтэл гэр лүүгээ орохоор гуйван дайван алхаж явсан Манлай гэнэтхэн хажуу тийш эргэж түлээн дээрээсээ хурц иртэй хангинуур сүх шүүрч аваад уяатай хэвтэж байсан шар жингэр лүүгээ яваад очжээ. Уг нь шар жингэр байнга сул гүйж явдаг боловч тэр өдөр айлын хүүхэд урсан учир Манлайгийн эхнэр гэрээсээ холгүй гадаслаад уячихсан байж. Яг нарийндаа тэр зүгээр байсан хүүхдийг хөөж очиж ураагүй байжээ. Гөлөгнүүдийг нь оролдоод байсан жаалхүүг үр зулзагаа харамласан эх амьтны рефлексээр хазчихсан байж.

 

Манлайгийн эхнэр ч үүнийг мэдэж байсан болохоор хажуу айлынхаа хүүхэнд "Танай хүүхэд өөрөө манай нохойг уурлуулсан шүү дээ. Манай жингэр гөлөгнүүдээ харамлах нь аргагүй. Гөлөглөсөн цагаас нь хойш бид хүртэл бараг хүрээгүй юм чинь" гэж хэлээд зогсч байтал архины аагинд ухаан нь бүүдийсэн дээр нь алдарт уяачийн нэр төрийг гутаалаа гэж мунхагласан Манлай шар жингэрийн уяанаас татан сүхээ далайж, харин энэ мөчид шар жингэр зөн совингоороо муу юм болох гэж байгааг мэдсэн бололтой хар хурхийн Манлайгийн гараас зууж газар унагаасан аж. Айлын хүүхэд урсан нь багадсан юм шиг эзнээ хүртэл урсан жингэр даруй аймшигт араатан юм шиг ойлголт төрүүлэх нь тэр. Муухай хашгиран босч ирсэн "Манлай яах ийхийн зуургүй жингэрийн урд хоёр хөлийг мах цавчиж байгаа юм шиг тас цавчин хаяжээ. Дараа нь хойд хоёр хөлийг нь гаслуулж гангинуулсаар тасдаад хамгийн сүүлд толгойг нь тасар цавчсан байна. Тэр ингээд зогссонгүй үхсэн эхийнхээ хөрж амжаагүй халуун биеэс садран гоожих сүүг хөхөхөөр ирсэн учир мэдэхгүй дөрвөн гөлгийг нь барьж аваад мөн л нэг нэгээр нь тас цавчиж орхиод "Одоо бах тав чинь ханав уу?" гэсээр хажуу айл руугаа хашгирсаар оржээ. Юу болсныг харсан нөгөө айлынхан ч эг маггүй гараад зугтаасан аж.

 

Ийм нэгэн нүд халтирам үйл явдал болсноос хойш хүмүүс Манлайгаас айх болж бас "Нохой тамлаж алсан энэ хүн өөдлөхгүй дээ" гэж байтал нээрээ л нохойн хараал гэмээр зүйл ар араасаа гарч эхэлжээ. Манлай морьтой явж байгаад ар нуруугаараа унаж ухаан алдаад сэргэхдээ явж чаддаггүй суумгай нэгэн болсон байсан төдийгүй удалгүй ясны хорт хавдартай гэж оношлогдон дөрвөн мөчөө тайруулж зөвхөн цээжин бие үлдсэн бол гурван настай хүү нь машинд дайруулж хоёр хэсэг болон нас барсан аж. Дөнгөж нэг ой хүрч явсан хүүхэд нь халуун зууханд хайрагдаж хоёр гар нь татаж эдгэжээ. Түүнээс гадна хамаг мал нь зуданд үхэж, хурдан хүлгүүд нь хулгайн гараар орж зарим нь өвчнөөр үхсэн байна. Энэ их зовлон шаналанд хямарч гутарсан эхнэрийн нь ухаан муудаж Манлайгийнх гэдэг айлын амьдрал орвонгоороо эргэсэн гэдэг. Нохойн хараал ямар айхтар байдаг нь эндээс харагдаж байна.



НОЦТОЙ МЭДЭЭ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>