Н.Учрал тойргоо сольж, Сүхбаатар дүүрэгт нэр дэвших үү
Ирэх сонгуульд тойргоо сольж нэр дэвших улс төрчдийн нэгээр УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал яригдаж буй. Түүнийг Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр төлөвлөж байгаа гэсэн таамаг өмнө нь гарч байсан. Харин саяхан Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон нь энэ таамгийг бататгасан юм.
Н.Учрал тойргоо солихоор шийдсэнийг илтгэх өөр нэг таамаг. Сонгууль ойртохтой зэрэгцэж УИХ-ын гишүүд иргэдтэйгээ ойр ажиллаж тойргоо усалж эхэлдэг. Тухайлбал сар шинийн баярыг угтаж тойргийнхоо ахмадууддаа гарын бэлэг тараадаг. Тэгвэл энэ жил СХД буюу УИХ-ын 28-р тойргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх УИХ-ын гишүүдийн нэрс дунд Н.Учралын нэр байгаагүй гэнэ. Эх сурвалжийн хэлж буйгаар 28-р тойргоос сонгогдсон П.Анужин, Э.Батшугар нар ахмадуудад хүндэтгэл үзүүлэхээр СХД-ийн хороодод мэдээ хүргүүлжээ.
Өнгөрсөн жил хэвийн боов тарааж шүүмжлэлийн бай болж байсан Н.Учрал гишүүн энэ жил бэлэг тараахгүй гэж шийдсэн үү эсвэл тойргоо сольж буй учир СХД-ийн сонгогчдыг услах шаардлагагүй гэж үзсэн үү гэдэг нь ирэх сонгуульд хаана нэр дэвшихээс нь тодорхой болох биз ээ.
МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт хоёр удаа нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан Н.Учрал 2020 оны сонгуулиар "Сонгогчдоороо ажлаа дүгнүүлэхээр тойргоо солилгүй нэр дэвшиж байна" хэмээн сурталчилгаагаа хийж байсан юм.
Эх сурвалж toim.mn