Шинэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх хуулиудтай танилц

128

Шинэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх хуулиудтай танилц

 

Энэ сараас эхлэн /2024.01.01/ хэрэгжиж эхлэх хуулийн гол заалтуудыг танилцуулж байна.

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛСЭН

2024 оны эхний өдрөөс эхлэн цалингийн доод хэмжээг 20 хувиар нэмж, ₮660 мянгад хүргэх шийдвэр гарсан. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660.0 мянган төгрөгөөр шинэчилсэн юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляцын түвшинтэй уялдуулан тогтоодог. Манай улсад 100 орчим мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна.     

БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛЬ ИРЭХ ОНЫ ЭХНИЙ ӨДРӨӨС ХЭРЭГЖИНЭ

БШУЯ-наас боловсруулж, орон даяар хэлэлцүүлснээр Боловсролын багц хуулийн төслийг УИХ баталлаа. Энэ хуульд багшийн нийгмийн халамжид анхаарсан хэд хэдэн заалтыг багтаав. Жишээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн 1 хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна. Амьдрах нөхцөлөө сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.

ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН 6, 7 ЖИЛИЙН ДУНДАЖ ЦАЛИНГ ТАВАН ЖИЛ БОЛГОВ

Нийгмийн даатгалын ерөнхий  хууль болон Тэтгэврийн Тухай хуулийг шинэчлэн найруулж, ирэх оны эхний өдрөөс дагаж мөрдөнө. Энэ хуулийн гол өөрчлөлтийн нэг нь 2019-2023 онд тэтгэвэр тогтоолгохдоо 6 эсвэл 7 жилийн дундаж цалингаар тогтоолгосон ахмадууд өөрчлөх хүсэлтээ энэ онд багтаан НДЕГ-т өгөх боломжтой болсон. Өөрчлөгдсөн тэтгэврийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс олгоно. Мөн 20 жил хамтран амьдарсан гэр бүлийн нэг гишүүн нас барсан тохиолдолд эхнэр/нөхөр нь тэтгэврийг нь өвлөх хуулийн орчныг бүрдүүллээ.  

                                                              

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН БҮХ ҮЕ ШАТЫГ ИЛ ТОД БОЛГОНО

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг анх 2000 оноос хуулиар зохицуулж эхэлжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийг 2005 онд баталсан байна. Үүнээс хойш 18 жилийн дараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас боловсруулж, өнгөрсөн зургаадугаар сард батлав.

Дараах үндсэн агуулгын хүрээнд тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагджээ:

  • Технологийн дэвшилд тулгуурлан тендер шалгаруулалт дахь хүний оролцоог бууруулж, тендерт оролцогчдын бүрдүүлдэг материалаас зөвхөн 18 хувийг цахим хэлбэрээр төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн сангаас татан авч, тендерийн үнэлгээнд харгалзан үзэж байгааг 70 хувьд хүргэнэ.
  • Тендерт оролцогчдын цахим мэдээллийн сан бүрдүүлж, компанийн мэдээллийн санд баталгаажсан мэдээллийг тендерийн үнэлгээнд ашигласнаар тендерт оролцогч ижил төрлийн баримт бичгийг олон дахин хувилж, тендер тус бүрд хүргүүлдгийг хална.
  • Цахим системд захиалагч, худалдан авах ажиллагаанд оролцох аж ахуй эрхлэгч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан, бараа, ажил, үйлчилгээний каталог гэсэн дөрвөн чиглэлээр бүртгэж, бүртгэлийн тогтолцоогоор дамжуулан худалдан авах ажиллагааг зохион байгуулна.
  • Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод, байдлыг нэмж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлнэ. Тендер шалгаруулалтын бүх үе шатыг ил тод болгож, тендерт оролцогчид шалгарсан оролцогчийн ирүүлсэн нууцалснаас бусад материал, тодруулга болон тендерийн үнэлгээний үе шаттай танилцах боломжийг олгоно.

Гэрээний мэдээллийн санг ил тод болгож аль компани, ямар ажлыг хийж байгаа, тухайн гэрээний гүйцэтгэл, санхүүжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх зохицуулалтыг шинээр тусгасан. Ингэснээр иргэд, олон нийт болон эцсийн хэрэглэгч аливаа худалдан авах ажиллагааны гэрээний хэрэгжилтийн талаар санал хүсэлт гаргах, олон нийтийн хяналт хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.
                                   
ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМ, ЭД МӨНГӨНИЙ ХОНЖВОРТ СУГАЛААНЫ ОРЛОГО 40% ТАТВАРТАЙ

Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх оноос мөрдөж эхэлнэ. Энэ хуулийн өөрчлөлтүүд:

Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 17.1.3-т заасны дагуу тодорхойлно.

Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөхөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.14-т заасан журмыг баримтална.

Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.

  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнд 2 хувиар;     
  • Урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 5 хувиар
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод 40 хувиар
  • Хөрөнгийн орлогод, хөрөнгө борлуулсны, эрх авсны орлогод тус бүр 10 хувиар тус тус татвар ногдуулна.

 

ТӨРӨӨС САНХҮҮЖДЭГ НАМ ЭВСЭЛ ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨНӨ

Шилэн дансны тухай хуульд долдугаар сарын 7-нд өөрчлөлт оруулж, төрөөс санхүүжилт авдаг нам, эвслүүд энэ хуулийг дагаж мөрдөх болов. УИХ-д суудалтай нам, эвслүүд суудлынхаа тоогоор төрөөс санхүүжилт авдаг байв..Энэ хуулийн зорилт нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоо /цаашид "шилэн данс" гэх/-г бүрдүүлэх юм.

Шилэн дансны мэдээлэлд төр-хувийн хэвшлийн түншлэлийн жагсаалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, гэрээнд оруулсан өөрчлөлтийг мөн нэмсэн юм.

ОЛОН ЖИЛ “ДУНШСАН” УЛС ТӨРИЙН НАМЫН ХУУЛИЙГ БАТЛАВ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Улс төрийн намын хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан ч өнөөг батлалгүй олон жил болсон. Өнгөрсөн долдугаар сарын 7-нд буюу наадмын өмнө баталсан хуулийг дагалдан дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн баталсан юм:

Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.

Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид "нийт сонгогч" гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно. Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно. .Намын нэг жилд өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого нь тухайн намд олгосон төрийн санхүүжилтийн 50 хувиас ихгүй байна гэж шинэ хуульд заажээ.

                                    СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Ирэх зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Шинэ хуульд гадаадад суугаа Монголчууд саналаа өгөх эрхтэй гээд тэднээс ямар хугацаанд санал авах зэргийг нарийвчлан заасан нь онцлог юм. Учир нь өмнөх сонгуулиудад гадаадад суугаа Монголчуудаас саналыг нь тогтмол авч байсангүй. Манай улсын 190 мянган иргэн дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж амьдар;аг.  Тэд ирэх онд дөрвөн өдрийн турш саналаа өгнө.

Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.

  • Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно:
  • Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар;
  • Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар.

Тайлбар: олныг төлөөлөх /мажоритар/ арга гэж тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно. Hувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ арга"гэж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн авсан саналынх нь тоо, хувьд үндэслэн энэ хуульд заасны дагуу суудал хуваарилж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно.

ТОРГУУЛЬ, ТӨЛБӨР, ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ, ОНОШИЛГООНД ОРООГҮЙ БОЛ 01.08-НААС ЭХЛЭН ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛАХГҮЙ

Хотын дарга Х.Нямбаатар ажлаа аваад 70 хонож байна. ХЗДХ-ийн сайдаас хотын дарга болсон тэрээр Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн, УИХ-аар батлуулсан юм.
Энэ хуульд

  • Иргэн, хуулийн этгээд торгох шийтгэл,
  • Замын хөдөлгөөний төлбөртэй бүс болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр,
  • Агаарын бохирдлын төлбөр,
  • Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэж заажээ.

Энэ хууль ирэх оны 8-ны даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ. Мөн нүүрсхүчлийн хийн хэрэглээнд шууд ногдуулдаг татвар бол агаарын бохирдлын төлбөр. Энэ төлбөрийг хоёр дахин нэмэхээр хуульд тусгажээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2024 ОНЫ ШИМТГЭЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ БАТАЛЛАА



Засгийн газрын энэ сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2024 оны хувь  хэмжээг дараах байдлаар тогтоов:
1,  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоосугай.
2,  Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 6600 (зургаан мянга зургаан зуу) төгрөгөөр, мөн хуулийн 4.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 13200 (арван гурван мянга хоёр зуу) төгрөгөөр тус тус тогтоосон.Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай”  тогтоолоор ХХДХ сард 660,000 төгрөг байхаар тогтоолоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>