Даншиг наадмаар сээр цохих тэмцээн зохион байгуулна

335

Даншиг наадмаар сээр цохих тэмцээн зохион байгуулна

 

“Даншиг- Хүрээ цам 2024” наадмын зохион байгуулалтын талаар өнөөдөр /2024.07.29/мэдээлэл хийлээ.


-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар Гандантэгчэнлин хийдтэй хамтран монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмыг наймдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.

Монголчуудын өв соёлын “Даншиг наадам – Хүрээ цам 2024” наадамд Монгол туургатан ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хүчит бөхчүүд ирж оролцоно. Үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан болно.

Наадмын үеэр Лам нарын дунд ном хаялцах, Балин урлалын тэмцээн, Унзад, голч нарын тэмцээн зохиогддог ба Очирвааний тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ зохион байгуулагдана.  

Мөн “Улаанбаатар 385 түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, Жороо морь, Хязаалан, Их насны морьдын уралдаан, Морьт харвааны тэмцээн, “Уухай” шагайн харвааны тойром, Үндэсний сур харвааны тэмцээн, Сээр цохих тэмцээн, Монгол үндэсний таван тансаг идээний үзэсгэлэн, Монгол хувцасны үзүүлбэр, Дүүргүүдийн Ардын авьяастнуудын тоглолт, Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэв.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм.

Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчид хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>