Аутизмтай эмэгтэйг сэтгэцийн эмнэлэгт 45 жил хорьжээ
Аутизмтай охиныг анх долоон настай байхад нь сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Тэр таван настайдаа Их Британид цагаачилж ирээд, 7 нас хүртлээ асрамжийн газар амьдарчээ.
Сэтгэцийн эмч нар есөн жилийн турш түүнийг эмнэлгээс гаргах гээд чадаагүй аж. Учир нь түүнд гэр бүл байхгүй, ярьж чаддаггүй.
Сьерра Леон гаралтай эмэгтэйн түүхийг BBC радиогийн File on4-эрэн сурвалжлах хөтөлбөрийнхөн анх сурвалжилжээ. Түүний жинхэнэ нэрийг нууцалж, Касибба гэж нэрлэсэн байна.
Тус агентлаг анх 2011 онд Бристол хотын ойролцоох Winterbourne View хэмээх хувийн эмнэлэгт өвчтөн хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлсэн аж. Тухайн үеийн удирдлагууд сэтгэцийн эмнэлэгт хоригдох ёсгүй өвчтөнүүдийн төлөө ажиллах амлалт өгсөн ч өнөөг хүртэл байдал өөрчлөгдөөгүй.
Эмч Патси Стэйт Касиббаг эмнэлэгт хүчээр хорьж буйг 2013 онд мэджээ. Тэрээр “Сэтгэл зүйчид түүнийг сэтгэцийн эмнэлэгт байх ёсгүй гэсэн ч өнөөг хүртэл эмнэлгээс гаргаагүй. Энэ бүхэн хууль ёсных гэхээр итгэхийн аргагүй. Би түүн шиг нөхцөлд амьдардаг хүнийг анх удаа харсан. Түүнийг олон цагаар хаалттай өрөөнд ганцааранг нь хорьдог. Өрөөнд нь орноос өөр юу ч байгаагүй. Одоо тэр 50 нас хүрчихлээ” гэж ярьжээ.
Эмч Патси Стэйт
Харин эмнэлгийн ажилтнууд түүнийг аюултай, анхаарал татахуйц хүн гэсэн байна. Учир нь Касибба 19 настай байхдаа нэг удаа галын түгшүүрийг асаасан тул өвчтөнүүдийг түр шилжүүлж байжээ. Эмнэлэгт олон хүн нааш цааш гүйлдэж, сандралдах үеэр Касибба хажууд нь байсан нэг өвчтөний нүүрийг маажсан байна.
Тэрээр үүнээс өөр алдаа гаргаж байгаагүй ч түүнийг эмнэлгийнхэн насан туршид нь аюултай гэж үзэн, бусдаас тусгаарлажээ. Эмч Патси Стэйт “Касибба тухайн үед бухимдсан төдий. Олон жил эмнэлэгт байсан, сурах чадваргүй хүн бусдад аюул учруулахгүй. Тэр сэтгэцийн өвчтөн биш тул эндээс гараад нийгэмд төвөг удахгүй. Би энэ талаар 50 хуудас тайлан бичиж, хотын захиргаанд хандсан” гэжээ.
Ингээд 2016 онд эмч нарын багийг томилсон ч шүүхээс түүнийг чөлөөлөх шийдвэрийг зургаан жилийн дараа гаргасан байна.
Одоо Касибба нийгмийн ажилтнуудын тусламжтайгаар чөлөөтэй амьдарч байна. Тэр бусадтай дохио зангаагаар ойлголцдог, загвар сонирхдог, бусадтай хамт байхдаа дуртай аж.
Нийгмийн ажилтан “Би түүнтэй 14 хоног ажилласны дараа тэр намайг тэвэрсэн. Тэр аюултай хүн биш, хошин шогийн их мэдрэмжтэй” хэмээн дүрсэлжээ. Олон хүн түүний амьдралыг эмгэнэлтэй гэж дүгнэн, эмнэлгийн жижиг, хоосон хоригдсоныг нь шүүмжилж, түүнийг хорих шийдвэрийг гаргасан хүмүүс өөрсдөө унтлагын, зочны өрөөтэй, цэцэрлэгтэй, том байшинд амьдардаг шүү дээ хэмээн бухимджээ.
Харин Их Британийн “Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ” хэмээх байгууллага Касиббад маш сайн тусламж үйлчилгээ үзүүлсээр ирсэн, хэн ч түүний эмчилгээ асаргааны талаар гомдол гаргаагүй гэсэн байна.
Их Британийн парламент Сэтгэцийн эрүүл мэндийн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Хуульд аутизмтай иргэдийг бүрэн үзлэг шинжилгээнд оруулж, оношлохын тулд 28 хоног эмнэлэгт хэвтүүлнэ гэж заажээ.
Мөн нийгмийн бүрэн дэмжлэг байхгүй бол хэдий сэтгэцийн эмгэггүй байсан ч эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтүүлнэ гэсэн байна. Их Британийн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн газар “Хөгжлийн бэрхшээлтэй маш олон хүнийг одоо ч сэтгэцийн эмнэлэгт байлгадгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Сэтгэцийн эрүүл мэндийн хуулийг өөрчилнө” гэжээ.
Тус улсын Эрүүл мэндийн яам 2026 он хүртэл сэтгэцийн эмнэлэгт хэвтэж буй, аутизмтай, сурах чадваргүй иргэдийг 10 хувиар бууруулахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: BBC