Автомашины болон зам ашигласны татварыг 2025 оноос нэмсэн

47

Автомашины болон зам ашигласны татварыг 2025 оноос нэмсэн

 

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэл дэх автомашины татварыг 2-3, замын татварыг тав дахин нэмнэ гэдгийг албаныхан мэдээлсэн.

Авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр 2025 оны нэгдүгээр сарын 10-нд мэдээлэл өгөхдөө "Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхэд гурван үндсэн шаардлага үүссэн байсан. Нэгдүгээрт, Замын сангийн хөрөнгийг авто замын засвар арчлалтын ажилд зарцуулна гэж хуульд заасан байдаг. Бид Авто замын тухай хуулийн дагуу зам засварын ажлаа хэрэгжүүлэх шаардлага үүсээд байдаг. Гэтэл 2024 оны ажлаараа 18-20 км зам засдаг. Хотын авто замын сүлжээний нийт урт 1291 байх жишээтэй. Ингэхээр жил бүр нийт замынхаа 1.5 хувийг засч, үлдсэн 98 хувиа засварладаггүй. Бид 10 жилдээ зам засах шаардлагатай болоод ирэхээр замын чанар улам буурдаг.

Бид сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 200 гаруй км замыг зассан. Эдгээр замыг засч байж замын чанар сайжирч, 80 хувиас дээш барих зорилго тавьсан. Иргэд зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн гэж ярьдаг.

Гэтэл нэг иргэн дунджаар 6000 км явж байгаа. Харин зам ашигласны төлбөр дээр суудлын машин 20 мянган төгрөг төлж байсныг нэг жилдээ гурван төгрөг төлж байсан гэсэн үг. Энэ тоо нь дэлхийн улс орнуудын дунджаас 86 дахин бага төлбөртэй гэсэн үг. Тэгэхээр бид зам засварын хувьд ч тэр энэ төлбөрийг 15 төгрөг болгож нэмсэн. Ингэснээр нэг жилдээ суудлын машин 100 мянган төгрөгийн татвар төлөхөөр болсон. Нэг километр зам засах төсөв 12 жилийн өмнөхтэй харьцуулахад хэд дахин өссөн байна. Мөн Замын сангийн хөрөнгө  нь хуучиндаа байх жишээтэй. Авто зам ашигласны төлбөрийг жилдээ нэг удаа төлдөг. Одоо цахимаар татвараа төлөх боломжтой болсон" гэсэн юм.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн долдугаар тогтоолоор Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоохдоо автобусны татварын хувь хэмжээг бууруулан цахилгаан тэжээлт автомашины татварын хувь хэмжээг тэг хувь байхаар тогтоож, бусад автомашины татварын хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй 14 жил болж байна. Тухайн өдрийн НИТХ-ын хоёрдугаар тогтоолоор авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоохдоо 4000 см.кубаас дээш суудлын автомашины зам ашигласны төлбөрийн хэмжээг 10 мянган төгрөгөөр нэмж, бусад машины төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулаагүй 12 жил болжээ.

Татварыг хууль тогтоомжийн хүрээнд нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын арчлалт, урсгал засвар, техник технологийг шинэчлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

Ирэх онд автомашины албан татварын хуульд өөрчлөлт оруулснаар албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснээр замын сангийн орлогыг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгалаа" гэсэн байдаг.

Татвар төлөгч иргэн 2025 оны тээврийн хэрэгслийн албан татвараа зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.9.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэл, авто зам, замын байгууламж ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуулийн хугацаандаа төлөх үүрэгтэй. Хэрвээ иргэн тээврийн хэрэгслийнхээ татварыг төлж амжаагүй  бол Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.5.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэж заасан байдаг.

НИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 04 өдрийн 24/28 дугаар тогтоолоор татвар төлөх хувь хэмжээ шинэчлэгдсэн.

Ингэснээр нийслэлийн замын сангийн орлогын эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөвт тусгажээ. Тодруулбал, Авто машины албан татварын хэмжээг хуулийн дээд хязгаарт хүргэн дөрөв дахин нэмэгдэхээр эхний төсөлд тусгасан байсныг гурав дахин нэмэгдүүлэхээр болгон өөрчилж,  авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоосноор нийслэлийн замын санд төвлөрөх татварын орлогын эх үүсвэр 75.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Харин автозам ашигласны төлбөрийн хэмжээг тав дахин нэмэхээр тогтоосноор нийслэлийн замын сангийн мөнгөн эх үүсвэр 2025 онд 80 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Автотээврийн хэргслийн татвар болон зам ашигласны төлбөр хэрхэн нэмэгдэж байгааг энд танилцуулахад,

Албан татвар:

  • “Приус” 36.000-108.000,
  • “Лексус 570” 188.100-564.300,
  • “Портер” 30.000-75.000,
  • “Ланд Круйзер-200” 151.800-455.400 төгрөг болж татвар нэмэгдэнэ.

Зам ашигласны төлбөр:

  • 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20.000-аас 100.000,
  • 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30.000-150.000,
  • 4001 дээш моторын багтаамжтай машин 50.000-250.000 төгрөгийн татвар төлнө. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>