“Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэхэд баялаг туршлагатай мэргэжилтэн чухал

274

“Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэхэд баялаг туршлагатай мэргэжилтэн чухал

Зууны манлай бүтээн байгуулалт, Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж "Эрдэнэт”  үйлдвэр ирэх 15 жилийн хөгжлийн хөтөлбөрөө боловсруулан ажиллаж байна. "Эрдэнэт” үйлдвэрийн оршин тогтнох үндэс нь геологийн нөөц, ил уурхайн тогтвортой ажиллагаа юм. Иймээс үйлдвэрийн насжилтыг уртасгах, ордын нөөцийг ахиулах үүднээс компани энэ онд геологи хайгуулын ажилд өмнөх оноос хоёр дахин илүү буюу 5,6 сая ам.доллар зарцуулжээ. Геологи-хайгуулын өрөмдлөгийн ажлын хэмжээ 14000 уртааш метр байсныг 30000 хүргэсэн байна. Хайгуулын ажлын үр дүнд "Эрдэнэтийн овоо”-г өнөөдрийн хүчин чадлаар ашиглавал 60 орчим жил ажиллах нөөцтэйг шинэчлэн тогтоосон. Цаашид ч геологи хайгуулын ажилд ихээхэн анхаарал хандуулахаа үйлдвэрийн удирдлага мэдэгдэж байсан.

Уурхайн гүн доошилж, хүдэр тээвэрлэлтийн зардал өсч, энэ хэрээр үйлдвэрлэлийн өөрийн өртөг нэмэгдэж буй энэ цаг үед "Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу "туузан дамжуулга” нэвтрүүлэх бэлтгэл хангаж байна. Уулын цул тээвэрлэлтэд "туузан дамжуулга” нэвтрүүлснээр хүдэр тээвэрлэлтийн зардал 40 хувиар, олборлолтын өөрийн өртөг 20 орчим хувиар буурах тооцоо бий. Тодруулбал 10 жилд 218 сая ам.доллар хэмнэх аж. Түүнээс гадна "Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн завод импорт орлох зарим тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эд ангийг үйлдвэрлэн өртөг зардлыг хямдруулахад томоохон хувь нэмэр оруулдаг. Цаашид заводын техник, технологийг үе шаттайгаар шинэчлэн сайжруулж Уул уурхай, Хөдөө аж ахуй, Зам барилга, Эрчим хүчний үйлдвэрлэлийн тоноглол, төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эд анги үйлдвэрлэн хэрэгцээ шаардлага хангахуйц төмөрлөг, машин үйлдвэрлэл, металл боловсруулах салбарын тэргүүлэх үйлдвэр болох чиглэл баримталж байна.

 "Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг хайлуулан жилд 120 мянган тонн катодын зэс боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хоёр жилийн өмнө боловсруулсан.  Зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг үе шаттай хэрэгжүүлэх боломжийг судалж байна.

 "Эрдэнэт” үйлдвэр ирэх 15 жилд олон томоохон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж буйгаас цөөн хэдийг дурьдахад ийм. "Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх үйлсэд уул уурхайн салбарт мэргэшсэн, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд зөвлөн тусалж, хүчин зүтгэж байна. Өргөн  мэдлэг, баялаг туршлагатай, шалгарсан боловсон хүчнүүдийн хүчийг төвлөрүүлэх нь "Эрдэнэт” үйлдвэрт төдийгүй улс орны хөгжилд хэрэгтэй.  

           

                                                                                                                                  Я.ЭНХТУЯА

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.