Туул голд завьт эргүүл ажиллаж байна
Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан-5, живсэн-2, мөс цөмөрсөн-2, шаварт суусан-1, усанд осолдож амь насаа алдсан 1 дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Тухайлбал Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын гүүрийн доор Туул голд хүн осолдсон гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлэг Туул голд 8 метрийн гүнд шумбалт хийж Баянхонгор аймгийн харъяат 31 настай, эрэгтэйн цогцсыг олж гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.