Д.Эрдэнэбат: Дүрэмт хувцасны даавууг дотооддоо үйлдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж он шилжих мөчид Эрдэнэт үйлдвэрээс үг хэлж, Монгол үйлдвэрлэгч орон болно гэж мэдэгдэж байлаа. Түүний үг Аж үйлдвэрийн яамтай болох эхлэл байсны дагуу тус яамыг байгуулж, өнөөдөр жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд салбарын сайд ямар ажил амжуулснаа өчигдөр болсон "Сайдын цаг” уулзалтаар тайлагналаа.
Түүний хэлснээр, Монгол Улс ирэх хавар гэхэд нефть боловсруулах болон зэс хайлуулах үйлдвэрээ барьж эхлэх боломжтой юм байна. "Манай улс нефть, зэс, төмрийн арвин нөөцтэй. Гэвч боловсруулж чадалгүй түүхийгээр нь зөөгөөд өдийг хүрсэн. Хэрэв шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэж, зэсийн баяжмал, төмрийн хүдрээ дотооддоо боловсруулдаг болчихвол ам.долларын ханш 1000 төгрөгөөс доош орно” гэж Д.Эрдэнэбат өмнөх уулзалтын үеэр хэлж байлаа. Үйлдвэртэй болчихвол импортын бүтээгдэхүүний хараат байдлаас ч гарах боломжтой.
Тиймээс заавал боловсруулах үйлдвэртэй болох шаардлага Монгол Улсын өмнө бий. Энэ дагуу говийн бүсэд нэг сая тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ хийлгэх компанийг шалгаруулжээ. Мөн зүүн бүсэд барих 300 мянган тонн нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн сонгон шалгаруулалт ч дууссан ажээ. Сонгон шалгаруулалтад 14 компани оролцож, саналаа ирүүлсэн гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолсон.
Одоо урьдчилсан ТЭЗҮ-г энэ ондоо багтаан хийлгэхийг зорьж байгаа аж. Хэрэв ондоо багтааан ТЭЗҮ боловсруулж амжвал, оны дараа үйлдвэрт хөрөнгө оруулагчийг шалгаруулна. Ажил тооцсоноор бүтвэл ирэх хавар гэхэд Монгол нефтийн болон зэсийн үйлдвэрийн шаваа тавих юм. Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барих Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс төслийн нэгж байгуулан, судалгааны ажилдаа оржээ.
Түүнээс гадна хоёр хөршийн хөрөнгө оруулагчид боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн байна. Хүнд үйлдвэрийн талаар дээрх мэдээг дуулгасан сайд Д.Эрдэнэбат хөнгөн үйлдвэрийн чиглэлд ямар бодлого барихаа тайлбарлав. Манай улс 10 сая ширхэг арьс ширийг дотооддоо боловсруулах хүчин чадалтай. Үйлдвэрийн хүчин чадал нь элбэг хүрэлцдэг ч цэвэрлэх байгууламж нь "асуудалтай”.
Тиймээс цэвэрлэх байгууламжийг шинээр барьчихвал арьс ширийг 100 хувь хагас болон бүрэн боловсруулах боломж бий. Гэхдээ зарим компани, иргэдийн хувьд адууны ширийг түүхийгээр нь хил давуулах сонирхолтой байдаг гэнэ. 160 мянган адууны шир ялзарч байна гэх гомдол ч ирсэн байна. Энэ талаар судалж үзсэн бөгөөд "Адууны шир түүхийгээр гаргах ямар нэг яриа байхгүй. Боловсруулаад л гарга.
Энд
Монголын эрх ашиг гэж юм байгаа шүү” гэж сайд мэдэгдсэн. Харин ноос,
ноолуурын хувьд "Чингис бонд”-ын хөрөнгөөс зээл авсан үйлдвэрүүд ирэх
жилээс дотооддоо даавуу үйлдвэрлэх боломжтой болжээ. Тиймээс сурагчийн
дүрэмт хувцсыг Хятадын нийлэг чанар муутай материалтай гэж хардах хэрэг
эцэг, эхчүүдэд гарахгүй нь бололтой.
ЖДҮ-ИЙН ЗЭЭЛИЙГ БОДЛОГЫН ЗЭЭЛ БОЛГОН ӨӨРЧИЛНӨ
Салбарын яам ЖДҮ (Жижиг дунд үйлдвэрлэл)-г дэмжих бодлогыг
үргэлжлүүлнэ. Гэхдээ хавтгайруулж зээл олгохгүй. Ирэх оноос хөнгөлөлттэй
зээлийг бодлогын зээл болгон өөрчлөх ажээ. Бодлогын зээл гэдэг нь чухам
ямар үйлдвэрлэлийг дэмжихээ тодорхойлж, үйлдвэрлэж чаддаг, үйлдвэрлэлээ
өргөжүүлэхийг дэмжих зорилготой. Бодлогын зээлийг дараах дөрвөн төрлийн
салбарт чиглүүлнэ. Үүнд 1.Экспортын бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
нэмэхийн тулд эргэлтийн болон тоног, төхөөрөмжийн зээл олгоно. 2.Мах,
хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон төслийг дэмжинэ.
Ялангуяа хоёр хөрштэй хил залгаа аймагт мах боловсруулах үйлдвэр
байгуулахыг урамшуулна. 3.Машин байгууламж, төмөр хийцийн үйлдвэрийг
дэмжинэ. 4.Эм био бэлдмэлийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулна.
ТӨРИЙН АЛБА ЗӨВХӨН МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АВНА
Төрийн алба, яам тамгын газар, төрийн өмчит компани Монголд үйлдвэрлэх
боломжтой бараа, бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авахгүй. Үүнийг
Тендерийн тухай хуулиар зохицуулсан бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж
байна. Үүнд бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн, савхин болон оёмол, үслэл
эдлэл зэрэг 94 бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргажээ. Зарим
байгууллага үүнийг дагаж мөрдөхгүй байгаа талаар мэдээлэл байгаа учраас
ирэх сард холбогдох байгууллага нь хуулийн хэрэгжилтийн талаар судалгаа
хийх юм байна. Мөн мах, махан бүтээгдэхүүн, нөөшилсөн мах болон зайдасны
импортын татварыг нэмжээ. Үүнээс гадна зөгийн бал, цемент, нэгээс илүү
жилийн насжилттай троллейбус гэсэн дөрвөн төрлийн барааны татварыг
нэмжээ. Эдгээр бүтээгдэхүүн нь дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой
учраас ийм арга хэмжээ авсан байна. Цаашдаа 350 нэр төрлийн барааны
импортын татварыг нэмэх эрхийг Засгийн газарт олгосон байна. Ирэх
хавраас зарим төрлийн хүнсний ногооны татварыг нэмэх зэргээр шаталсан
байдлаар татварыг нэмэх ажээ. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат мэдээлэл
хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ерөнхий сайд төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувь бууруулах шийдвэр гаргалаа. Та үүнийг яаж хүлээн авсан бэ?
-Эдийн засаг хүндрэлтэй, төсөв хүнд байгааг хүн бүр мэдэж байгаа. Миний
хувьд төсөв хүнд байгаа ч ажлын байрыг хадгалж үлдэх нь маш чухал гэсэн
байр суурь барьж байна. Энэ нь зөвхөн төр, төсөвтэй холбоотой биш аж,
ахуйн нэгж иргэдтэй холбоотой. Тиймээс ажлын байрыг цомхотгох гэхээс
хадгалж үлдэх нь чухал. Ингэхийн тулд цалинг эдийн засгийн байдалдаа
тохируулан өөрчлөхийг буруутгаж болохгүй.
-Дөрвөн төрлийн барааны импортын татварыг нэмсэн гэлээ. Энэ нь хэр оновчтой сонголт болсон бэ?
-УИХ-аас 24 барааны эрх олгосон. Энэ нь оновчтой шийдвэр мөн. Хэрэв бүх
барааг нэг дор төвшин тогтоовол зах зээлд сөрөг нөлөөтэй. Мөн дээрх
дөрвөн бараанд суурь судалгаа хийнэ. Татварыг өөрчилснөөр үнэ хэр буурч,
үйлдвэрлэл өссөн үү гэх зэрэг судалгаа хийж үзэх юм.
-Зэс хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх тодорхой санал байгаа юу?
-Хөрөнгө оруулалт хийе гээд ТЭЗҮ боловсруулсан 4-5 компани бий. Төслийн
нэгжид энэ компаниудыг нэгтгээд хөрөнгө оруулалтын хувь хэмжээг гарга
гэдэг үүргийг би өгсөн. Монголд ингэхээс өөр аргагүй. Монголд ганцхан
зэсийн үйлдвэр хэрэгтэй. Тиймээс энэ компаниуд учраа олчих байх гэж
бодож байгаа. Нэгэнт зэсийн үйлдвэрийг хаана, хэрхэн байгуулах талаар
төрийн шийдвэр гарсан учраас бодлогын дагуу явна.