АН-ын дарга З.Энхболдын нам доторх байр суурь ганхаж эхэлсэн үү

933

"Фракцигүй нам болъё" гэж АН-ын дарга З.Энхболд бараг жилийн өмнө зарлан тунхаглаж байв. Гэвч АН дахь фракцийн зарчим тийм ч амархан үгүй болохгүй гэдгийг нь ойрмогхон болсон хэд хэдэн үйл явдал тодорхой гэрчиллээ.

Тэр ч байтугай З.Энхболдын нам доторх байр суурь нь ганхаж эхэлсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Түүний буюу Шонхорын эсрэг үйл ажиллагаа явуулж буй хамгийн том хүчин бол Н.Алтанхуяг тэргүүтэй Алтангадас фракцийнхан. Дайран дээр давс гэгчийн үлгэрээр АН дотор МоАН гэх дахин нэг томоохон нэгдэл үүсэн бий болсон. Тус нэгдэл өдөр ирэх тусам улам л хүчирхэг болсоор л байгаа.  Фракцигүй болъё гэсэн ч фракцийн тоо нь нэмэгдсээр л байна. Мөн З.Энхболд даргыг намын залуус нь ихэд шүүмжилж, зарим бодлого дээр нь нэлээдгүй дургүйцэж буй сурагтай. Намын залуус нь даргынхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах болсон нь учиртай. Тийм хэд хэдэн шалтгаануудыг ч дурьдаж байна. Тодруулбал, нэгдүгээрт намын даргын хувиар анхныхаа ҮЗХ-г хуралдуулах гэсэн боловч ирцээ бүрдүүлж чадахгүй хуралдаж чадаагүй. Хоёрдугаарт, ээлжит бус чуулган зарлаад бас л хуралдуулж чадсангүй. Гуравдугаарт, эрх мэдлээ ашиглаж нам дотроо "дарангуйлал" тогтоох гэж оролдож байгаа. Өөрөөр хэлбэл АН-ынханыг хатуу гараар барьж асуудлыг шийдэхээр санаархаж байгаа нь залууст нь ихээхэн таалаагдахгүй байгаа гэнэ.

ҮЗХ-ны хурлын хувьд өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдах гээд чадаагүй. АН-ын энэ удаагийн ҮЗХ-ны хурал бол З.Энхболд намын дарга болсноос хойшхи анхны хурал байсан. Энэ утгаараа З.Энхболд ихээхэн ач холбогдол өгч байлаа. Харамсалтай тэр өөрөө ирцээ бүрдүүлж чадаагүй. Хурлын зааланд З.Энхболд ирц бүрдэхийг удтал хүлээж байгаад тэсгэл алдаж гарч одсон түүхтэй. Энэ үйлдэл нь түүнийг намын сул дарга болгон харагдуулж байлаа. Угаасаа ч ийм зорилгоор "Алтангадас" тэргүүтэй фракцийнхан хуралд зориуд суугаагүйг эх сурвалжууд одоог болтол онцолдог. Учир нь тэр өдөр АН-ын ҮЗХ-ны гишүүд бараг бүгд төрийн ордонд цугларсан байж. Тэд хуралдаа орохгүй намын даргаа сул харагдуулахын тулд хэсэг бүлгээрээ хуралдсаар ҮЗХ-г хойшлуулж чадсан. Хурлыг хойшлуулсныхаа дараа намын даргаа элдэвлэсэн янз бүрийн мессежүүдийг цахимаар явуулснаар тэр нэгэн үдэш өндөрлөсөн.

Харин дараа нь Цэцийн даргыг бараг л улайран дайрсаар байгаад чөлөөлөв. Ингэхдээ ээлжит бус чуулган зарласан бөгөөд бас л бусад нам, эвсэлтэйгээ тохироогоо хийж чадахгүй байсаар ээлжит бус чуулганыхаа нээлтийг  хийж чадахгүй тав хоног сунжирсан. Ингээд арай гэж нээлтээ хийж өнөөх Цэцийн дарга Ж.Амарсанаагаа огцруулж аваад нэг өдрийн настай ээлжит бус чуулганаа хааж орхисон. Энэ нь хүртэл З.Энхболд даргад хасах оноо болж хувирчээ. Үүн дээр нэмээд түүний намын гишүүдээ "базах" гэж оролдож байгаа нь намынханд нь огтхон ч таалагдахгүй байгаа бололтой.

Ингээд эдгээр хүчин зүйлүүдээс хамаарч З.Энхболд даргын нам доторх нэр хүндэд сэв суулгаж рейтингийг нь ихээхэн унаж байгаа гэнэ. Мөн хэзээнээсээ "шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг" байж ирсэн олон фракциудынхаа учрыг олж, хужирын тунгааж чадахгүй яваа бололтой. Хамгийн сүүлд тэрбээр ирэх сонгуулийн тактик хэмээгээд нэгэн цагт намаасаа хөөж байсан М.Энхсайханыг намынх нь нөхдийн хамтаар АН-тайгаа нэгдээч гэдэг хүсэлтийг явуулсан. Энэ үйлдэл нь ч намынханд нь таалагдахгүй байгаа бололтой. М.Энхсайханыг намдаа авч ирвэл намын жагсаалтаасаа илүүчлэх шаардлагатай тулгарна. Гэвч АН-ынхан мэргэжлийн "хагалан бутаргагч" хэрэггүй гэх байр суурийг намынхаа даргад удаа дараа илэрхийлсэн байна. Мөн ҮЗХ-г нэн яаралтай хуралдуулж, намын дотоод асуудал болон сонгуулийн чухал асуудлыг хэлэлцүүлэхийг намын даргаасаа шаарджээ. Эдгээр хүчин зүйлүүдээс болоод АН-ын дарга руу ирэх дайралт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа сурагтай.

Г.Ган

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>