П.Цагаан: Эдийн засгийн тооцоогүй, хэдэн хүн халагдаж, хэдэн хүн ажлын байртай болох нь тодорхойгүй

918

П.Цагаан: Эдийн засгийн тооцоогүй, хэдэн хүн халагдаж, хэдэн хүн ажлын байртай болох нь тодорхойгүй

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар дахин зөвшилцөх талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өчигдөр албан бичиг илгээсэн билээ.

Уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Тэрээр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Ерөнхий сайдаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар ирүүлсэн саналыг харж үзвэл нэгд, үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмсэн санал ирсэн байна. Үүний цаана ямар санаа байна вэ гэвэл УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашдаг явдал үргэлжлэх нь гэсэн ойлголт төрж байна. УИХ-д сая олонхи болсон улс төрийн нам "Давхар дээл шиг муухай зүйл байхгүй. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, хууль тогтоох байгууллага заагтай, ялгаатай, хариуцлагатай, харилцан хяналттай байх ёстой” гэж хэлдэг байсан. Сая оруулж ирсэн санал Монголын ард түмэнд өгсөн өмнөх саналтай нийцэхгүй байна. Төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмын дагуу, өмнөх УИХ-ын үед хэлэлцэж байсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн заалт, үзэл санаатай ч гэсэн нийцэхүй байгаа учраас үүнийг дэмжихгүй гэдгээ Ерөнхийлөгч хэлсэн.

Хоёрт, хожуу ч гэсэн байгуулагдаад үйл ажиллагаа нь жигдрээд явж байсан Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, эрх үүргийг нь бусад яамдад шилжүүлж, тарааж байгааг Ерөнхийлөгч зөвшөөрөхгүй байгаа. Аж үйлдвэрийн яам яагаад хэрэгтэй вэ гэвэл үндэсний үйлдвэрлэгчдийн талархал дэмжлэгийг хүлээж, үйл ажиллагаа нь жигдэрч байгаа яам. Монгол Улс эдийн засгийн бие даасан байдлаа хангая. Түүхий эдийг нийлүүлэгч биш, экспортлогч орон болж, бусдаас хараат бус байдлаа багасгая гэвэл үйлдвэрлэгч орон болох ёстой гэж үзээд өмнөх УИХ-аар намуудын төлөөлөл сууж байгаад Аж үйлдвэрийн яамыг байгуулсан. Үүнийг үгүй хийж байгаа нь буруу гэж үзсэн.

Гуравт, төр, засгийн нэр, хаяг, бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин тогтвор суурьшилтай байж үр өгөөжтэй, тогтвортой, эрчтэй болно гэж үздэг. Гэтэл оруулж ирсэн саналаар яамдыг ямар нэгэн тооцоо, судалгаагүйгээр, тодорхойгүй шалтгаанаар нэрийг нь өөрчилсөн байна. Тухайлбал, Гадад хэргийн яамыг Гадаад харилцааны яам болгоно гэжээ.

Оруулж ирсэн 81 хуудас материал дотор нэг ч тоо байхгүй. Эдийн засгийн тооцоогүй, хэдэн хүн халагдаж, хэдэн хүн ажлын байртай болох нь тодорхойгүй байна. Ийм учраас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг мэргэшсэн, тогтвортой, төр, засгийн залгамж шинжийг хадгалсан бодлогоор боловсруулж дахин танилцуул гэсэн саналыг Ерөнхийлөгч өгсөн” гэлээ.

Г.Жаргалмаа unuudur.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>