Ханиад, томуугаас сэргийлэх зөвлөмж

324

Томуу, томуу төст өвчний дэгдэлт хүйтэн сэрүүний улиралд эрс нэмэгддэг. Гэтэл сүүлийн өдлрүүдэд  томуугийн H3N2 вирусээр халдварласан ханиадаар 10 гаруй хүн өвчилсөн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байна. Энэ вирус нь H1N1 шиг хурдан тархацтай, өвчлөлийн явц түргэн биш ч монголчуудад уг вирусын эсрэг дархлаа тогтоогүй гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна. Гэхдээ томуугийн янз бүрийн халдвараар өвчилсөн тохиолдолд 90 гаруй хувь нь гэрээр асарч сувилан, эмчлэгдэж эдгэрэх боломжтой гэнэ. Хэрэв бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, бөөлжих, суулгах, тамирдах, сульдах зэрэг томуугийн халдвар авсан шинж илэрвэл бусдад халдвар тараахаас сэргийлэх, өвчнөө хүндрүүлэхгүй, хурдан эдгэрэхэд анхаарал хандуулах нь хамгийн чухал аж. Мөн ХӨСҮТ-ийн сургалт хэвлэл мэдээллийн албанаас иргэдэд хандан доорхи зөвлөмжүүдийг гаргажээ.

Өөрөө өөртөө буюу бие биендээ гэрийн нөхцөлд хийх асаргаа, сувилгааны зөвлөмж:   
-Аль болох гэртээ байж, сайн амрах, унтах, тайван байх
-Гараа тогтмол сайтар савандаж угаах
-Халуун аарц, хярам, буцалсан ус, сүү, аньс,чацаргана, зэргийг ахиухан уух,
-Илчлэг сайтай,  амин дэмээр баялаг хоол хүнс шөлтэй халуун хоол идэх сармис, сонгино, шинэ ногоо, жимс хэрэглэх.
-Ханиаж, найтаах бүрт ам хамрын цаасан алчуур хэрэглэж тэр даруй устгах.
-Амны хаалтыг зөв хэрэглэх.
-1-2% содын уусмалыг хамрын хөндийд дусаах, хоолой, амны хөндийг өдөрт 5-6 удаа зайлах.
-Гич болон шилмүүстэй халуун ваннд суух (харшилтай бол хэрэггүй)
-Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал  хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах
-Архи, тамхийг цээрлэх.
-Витамин С (2%, 5%-ийн уусмал, шахмал, үрэл, нунтаг) уух
-Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах эм, биеийн дархлааг дэмжих бэлдмэлийг эмчийн заавраар уух
-Цэгэн массаж өдөрт 3-6 удаа хийх
-Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, 2 цаг тутамд агааржуулах, ариутгал халдваргүйтгэл хийх
-Шаардлагатай бол сум, өрхийн эмчид хандах буюу ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсаар лавлаж болно.

Цэгэн массаж хийх зөвлөмж:
Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгодог. Цэгэн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:

1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилний хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)

Цэгэн массажыг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-6 удаа, боломжтой бол байнга хийхэд сайн.

Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх зөвлөмж:

Чийгтэй, нойтон цэвэрлэгээг  өдөрт 2-оос доошгүй удаа сайтар хийх хэрэгтэй.

Томуугийн вирүс нь хлор агуулсан ариутгалын бодист амархан идэвхгүй болдог тул халдваргүйтгэлийг дараах байдлаар хийж болно.  Үүнд: тоосыг арчсаны дараа 2-5%-ийн хлорамины уусмалаар бүх талбайг сайтар арчиж халдваргүйжүүлнэ.

Албан байгууллагад өдөрт 2-3 удаа, сургуульд хичээлийн ээлж бүрийн өмнө, нийтийн тээврийн хэрэгсэлд шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө халдваргүйтгэл хийх шаардлагатай.

Агаарыг халдваргүйтгэх зорилгоор ариутгалын бодисоор норгосон даавуу алчуурыг дулаан үүсгэгчийн орчимд дэлгэж  тавих, задгай амтай саванд хлорамины уусмалыг хийж тавих, мананцар үүсгэн цацаж хэрэглэж болно.

Агааржуулахдаа  цонх, салхивчийг онгойлгох буюу агааржуулагч төхөөрөмжийг 2 цаг тутамд 15-20 минутаар ажиллуулж агаарыг сэлгэнэ.

Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариул, лифтын товчлуур зэргийг цаг тутамд халдваргүйтгэлийн уусмалаар норгосон алчуураар арчина.

Цэвэрлэгээ үйлчилгээ хийсний дараа гараа савандаж сайн угаагаад, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч  уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон салфетикаар гараа арчиж болно.

Албан байгууллага, гэр, байранд өргөн хэрэглэхэд тохиромжтой халдваргүйтгэлийн бодис бол төрөл бүрийн хэлбэр /уусмал, шахмал, хуурай/ – ээр  савлагдсан хлорамин бөгөөд энэ нь өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талуудтай учраас байгууллагын үйлчилгээний онцлог, халдваргүйтгэх шаардлага зэрэгтээ тохируулан хэрэглэж болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.