Оюутны сургалтын төлбөрийн зээлийг ирэх даваа гарагаас олгоно

1051

 Оюутны сургалтын төлбөрийн зээлийг ирэх даваа гарагаас олгоно

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан их, дээд сургуулийн оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох зорилт бодит ажил хэрэг болж, оюутны хөгжлийн зээлийг арилжааны банкууд олгож эхлэхэд бэлэн боллоо.

Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох зээлийн үйлчилгээг бий болгох зорилт тусгасны дагуу Оюутны хөгжлийн зээлийг Төрийн банк, ХААН банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, ХАС банк, Капитран банк олгохоор өнөөдөр гэрээ байгууллаа. Ингэснээр ирэх долоо хоногийн даваа гарагаас олгож эхлэх юм.

БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр хэлэхдээ, "Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээ бий болж байгаа нь оюутан суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй амжилттай суралцах, төгсөөд ажилтай, орлоготой болох хариуцлагыг бий болгох, өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амьжиргааг нь тэтгэхээс гадна дээд боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна. Оюутны хөгжлийн зээлийг тасралтгүй, байнга, тогтвортой зохион байгуулдаг нийгмийн үйлчилгээ бий болж байгаа нь нийгмийн хөгжлийн бодлогыг санхүүжүүлдэг, шийдвэрлэдэг шинэ туршлага, арга зам болж байгааг онцлон тэмдэглэж байна. БСШУСЯ, Боловсролын зээлийн сан, их, дээд сургуулиуд, арилжааны банкууд хамтран оюутны хөгжлийн зээлийг хүнд сурталгүй, төвөг бэрхшээлгүйгээр, түргэн шуурхай зохион байгуулахад онцгой анхаарал хандуулж ажиллах болно” гэв.

Мөн тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "3 ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтад суралцаж байгаа өрхийн 1 хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно” гэсэн зорилт ажил хэрэг болж байгааг дуулгалаа.

Оюутны хөгжлийн зээл нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй,  сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, зээлийн хүүгийн дарамтгүй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл байх юм.

 "Энэхүү зээлийн үйлчилгээ нь зээл төлж буй эцэг эх, их, дээд сургуулийн удирдлагууд, оюутан өөрөө хариуцлагатай хандах цоо шинэ үзэгдэл болно” хэмээн "Этүгэн” их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Нямзагд тодотгов.

Оюутны хөгжлийн зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70000 гаруй оюутан хамрах боломжтой бөгөөд 2016 оны төсвийн тодотголд 90 тэрбум төгрөг, 2017 оны улсын төсөвт 110 тэрбум төгрөг тусгажээ.

Зээлийн эргэлтийн болон хуримтлалын хөрөнгийг үүсгэхэд 2020 он хүртэл улсын төсвөөс санхүүжилт хийх юм. Харин Боловсролын зээлийн сан 2020 оноос эхлэн улсын төсвийн санхүүжилтгүйгээр, оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг тогтвортойгоор тасралтгүй зохион байгуулах аж.

 

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал 

МОНЦАМЭ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>