|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 09:22

С.ЭРДЭНИЙН ОН ТООЛОЛ

 

АН-ын долоо дахь дарга С.Эрдэнэ боллоо. Өчигдөр өглөө орон даяар урьдчилсан байдлаар түгэж, өдөр нь албан ёсных болсон энэ мэдээ улс төр, нийгмийн хүрээнийхний анхаарал хандуулах гол сэдэв болж байх шиг. С.Эрдэнийг чиглэсэн эерэг, сөрөг санал дүгнэлтүүд ар араасаа хөвөрч буй нь үүнийг илтгэх мэт. Гэхдээ энд С.Эрдэнийг тойрсон эрээн бараан дүгнэлтийг түр азная. Харин ажлаа хүлээн авсныхаа дараа, намын VII Их хурлаар түүнийг батламжилсан өдрөөс АН-ын шинэ даргыг юу хүлээж буйг зураглах гээд үзье. Өөрийнх нь буюу С.Эрдэнийн тодотгосноор АН-ын албан ёсны дарга болоод хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодорхой болгохоор төлөвлөжээ.

 

Ингэхдээ фракцуудын тохироогоор бус намын сунгаагаар гишүүдээсээ то-руулахаа илэрхийлэв. Араас нь нийт гишүүдээс сонгогдсон намын даргын хувьд аль нэг бүлэглэл, фракц гэж явах эрх байхгүй. АН энэ цаг мөчөөс эхлэн фракц давамгайлсан үйл ажиллагаа явахгүй гэдгийг хариуцлагатай хэлж буйгаа тодотгов.

 

АН-ын шинэ даргын эдгээр үг намын жирийн гишүүдэд нь сайхан сонсогдож болох ч цаг үеийнхээ шаардлага үзүүлэлтээр биелэх магадлал тун бага харагдаж байна. 

 

Учир нь, МАН-аас Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлснийг эс тооцвол 1997 оноос хойшхи Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Багабанди, М.Энхсайхан, Р.Гончигдорж, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гээд намдаа нөлөө бүхий лидерүүд нь тодорч өөр хоорондоо ана мана үзэлцсээр ирсэн байдаг. Тэгэхээр АН-д гэлтгүй МАН-д тогтсон энэ уламжлалаар С.Эрдэнийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх буюу санал болгох эрхэм нь мэдээж намын хэн нэгэн лидер байж таарна. Нэг үгээр хэлбэл, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч сунгаа гэхээсээ фракц хоорондын тохироогоор тодрох нь ойлгомжтой. Дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн, тийм горьдлого тээж яваа хүн АН-д олон. Намын даргын сонгуульд өрсөлдөөд хоёроор гарсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ хамгийн түрүүнд мэдэгдсэн. Хотын мээр асан өдгөө нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байгаа Э.Бат-Үүлд ч төрийн тэргүүний сунгаанд өрсөлдөх том амбийц бий.

 

УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс татгалзаж, бусдадаа боломж олгосон гишүүн асан Р.Амаржаргал чимээгүй яваа болохоос намаас нэр дэвшүүлэх виз олговол татгалзах хүн биш. Тийм биш байлаа ч түүний нэрийг заалнаас нэр дэвшүүлсэн тохиолдолд бусдадаа дөмөгхөн буугаад өгөх "зөөлхөн боорцог” биш билээ.

 

Эндээс С.Эрдэнэ намын даргын албаа хүлээж аваад хамгийн багадаа гурван фракцын эвийг олж, тунг нь тааруулах шаардлагатай зайлшгүй тулгарах нь. Магадгүй АН-ын дарга С.Эрдэнийн хамгийн эхэнд давах даваа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах байж мэдэх. Учир нь, түүний эхний сонголт хэн байхаас АН-ын цаашдын ирээдүйн зураглал бүрэн хамаарах болохоор тэр. Хэдийгээр тэр Ц.Элбэгдорж шиг орон даяар сунгаа өрнүүлж нийт гишүүдээсээ сонгогдсон АН-ын түүхэн дэх хоёр дахь дарга гэсэн автортой ч намд нь, фракциуд нь түүний шийдвэрийг хүлээн зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй.

 

Хоёрдугаарт, АН бол МАН-тай харьцуулахад хайрцагт ороод байдаг нам биш. Хэдий чинээ хайрцаглах гэж оролдоно төлий чинээ тэсэрдэг, хуваагддаг, ашиг сонирхлоороо зөрчилддөг нь тэдний гэм биш зан. Мөн аль нэг фракцдаа эрх мэдлийн хуваарилалтыг илүү олгож, бялууны зүсэм хүртээх тусам шинэ жигүүр, хөдөлгөөн өдөлдөг учраас нийт гишүүдээс сонгогдсон намын даргын хувьд аль нэг бүлэглэл, фракц гэж явах эрх байхгүй. АН энэ цаг мөчөөс эхлэн фракц давамгайлсан үйл ажиллагаа явахгүй хэмээх С.Эрдэнэ даргын үгийг мөн л учир дутагдалтай гэж харж болох.

 

Жишээ нь, З.Энхболд намын дарга болсныхоо дараа ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хурлын үеэр АН-ыг фракцгүй нам болж буйг зарлан тунхаглаж байлаа. Гэвч З.Энхболд даргын энэ үг өдрөөс өдөрт замхарсаар нэг л мэдэхэд эрх мэдлийн хуваарилалтаар "Шонхор” фракц АН-даа хамгийн томд тооцогдох болсон нь нууц биш. АН-ын фракциудын зөрчил ч тогооноосоо хальж, эцэстээ сонгуульд үнэмлэхүй ялагдсан билээ. Тиймээс л "Фракц давамгайлсан үйл ажиллагаа явахгүй” гэж хэлсэн түүний үгийг учир дутагдалтай хэмээн нэрийдээд байгаа хэрэг. Өөрөөр хзлбэл, З.Энхболдын адил гоё сайхан уриалга дэвшүүлсэн атлаа хөшигний ард намдаа бус фракцаа тордохгүй гэсэн баталгаа өнөөдөргөө С.Эрдэнэд байхгүй. "С.Эрдэнэ бол том биетэй З.Энхболд юм. Түүнийг АН дарга болговол АН-д юу ч өөрчлөгдөхгүй” гэж үг зүгээр ч нэг гараагүй лав.

 

Тэгэхээр "нэг бүлэглэл, фракц гэж явах эрх байхгүй” гэж хэлсэн үгээ баталгаажуулахын тулд тэрбээр хамгийн түрүүнд "Шонхор” фракцаа татан буулгаснаа намынхаа VII Их хурлаас өмнө зарлаж болох. Ингэж байж түүнийг бусад нь дагана, гишүүд нь бүрэн хүлээн зөвшөөрнө. Тэгэхгүйгээр наанаа нийт гишүүдээс сонгогдсон гэж яриад цаагуураа нэг фракцын төлөө ажиллавал тэр өмнөх даргаасаа ялгарахгүй. Эсрэгээрээ АН доторх халуун улам өндрөө авна. Тэр хэрээрээ дөч гаруй хоногийн сунгаа хийж, 1.2 тэрбум төгрөг зарцуулсны ашиг гарахгүй билээ. Ямартай ч ардчиллын төлөөх таван нам нэгдэж АН-ыг байгуулснаас хойшхи 17 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа орон даяар явуулсан даргын сунгаанд С.Эрдэнэ ялалт байгуулж өөрийн он тооллыг бичиж эхлээд байна. Тэрбээр дүүргийн Засаг даргаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Бүлгийн дарга өгсөж явсаар өдгөө АН хэмээх их айлыг удирдахаар болж байна. Улмаар тав хүрэхгүй сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд намаа удирдан оролцож ээлжит цохилтоо авах уу, эргэн эргэлт хийх үү гэдгээ намын гишүүдээрээ бус нийт сонгогчдоор дэнслүүлэх нь. Түүнийг удирдсан намд Монголын ард түмэн, сонгогчид хэрхэн үнэлгээ өгөхөөс АН 2020 оны сонгуульд яаж оролцох эхний дүр зураг буух учиртай. С.Эрдэнийн он тоолол хэрхэн бичигдэхийг харах л үлдлээ. Тэр нийтлэлч Баабарын хэлсэн шиг намаа ёроолд нь тултал унагах уу, эсвэл гарц олох уу гэдэг нь цаг хугацааны л асуудал.


С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.