Хятадууд нүүрсний зах зээлээ дахин “түгжиж” магадгүй
Энэхүү мэдээлэлд ойр эх сурвалжийн "Блүүмберг” агентлагт өгсөн мэдээллээр энэ гэнэтийн арга хэмжээ нь зургаан сарын турш үргэлжлэх төлөвтэй аж. Харин үүнд уурхайнууд тус бүр өөрсдийн шийдвэрээ одоохондоо гаргаж амжаагүй байгаа юм. Өнгөрсөн жил Бээжин нүүрсний олборлолтыг хязгаарлах шийдвэрээ танилцуулсны дараа гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох энэ түүхий эдийн үнэ огцом өссөн билээ. Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн арванхоёрдугаар сард нэг тонн нь 300 ам.долларт хүрч дөрөв дахин өссөн нь хамгийн сүүлд 2011 онд тохиосон үзэгдэл юм. Цахилгаан станцууд болон цахилгаан үйлдвэрлэлийн салбарт өргөнөөр ашиглагддаг дулааны нүүрсний үнэ ч энэхүү хязгаарлалтын улмаас эрэлт нь эрс нэмэгджээ. Энэхүү өсөлт нь энэ зах зээлийн томоохон үйлдвэрлэгчид болох Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй "Glencore”, "Anglo American”, Торонто болон Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Teck Resources”-ийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулж чадсан юм.
Гэвч энэ удаагийн хязгаарлалт коксжих нүүрсний зах зээлийг дахин хуучин байдалд нь шилжүүлсэн байна. Улмаар гангийн үйлдвэрлэлийн түүхий эдийн үнэ 4.7 хувиар буурч, 154.80 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны есдүгээр сараас хойшх хамгийн бага үзүүлэлт боллоо. Нүүрсний дэлхийн хамгийн том хэрэглэгч, бас үйлдвэрлэгч Хятад улс өнгөрсөн сард нүүрсний хувь хэмжээг бууруулж, эрчим хүчний үйлдвэрлэлийг өөрчилснөөр утаа, хүлэмжийн хийг багасгах зорилтоо үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү уурхайнуудын үйл ажиллагааг зогсоож, үйлдвэрлэлийг багасгахын хажуугаар Бээжин наад зах нь 2019 он хүртэл нүүрсний шинэ уурхайн зөвшөөрлийг зогсоогоод байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус улсад нүүрсний 7250 уурхай хаагдаж, нүүрсний олборлолтын хэмжээ 560 сая тонноор буурчээ. Энэ мэдээллийн дараа Сиднейд Australian miner Whitehaven Coal Ltd-ийн хувьцааны ханш 6.8 хувиар өсч 2.97 австрали долларт хүрсэн бол Хятадын нүүрсний томоохон үйлдвэрлэгч "Шенхуа энержи”-гийн хувьцааны ханш Хонгконгийн хөрөнгийн биржид 3.1 хувиар өсч 16.72 хонгконг долларт хүрсэн байна.
Дулааны нүүрсний ойрын хугацаанд худалдаалагдах үнэ Хятадын Zhengzhou барааны биржид 0.7 хувиар өсч нэг тонн нь 535.20 юаньд хүрсэн тухай "Блүүмберг” агентлаг энэ сарын 14-ний мэдээлэлдээ дурджээ. Тэгвэл Dalian боомтод коксжих нүүрсний ойрын хугацаанд худалдаалагдах үнэ 0.9 хувиар буурч нэг тонн нь 1214 юань болжээ. "Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо нүүрсний үнийн хязгаарыг 500-570 юаньд барих хүсэлтэй байна” гэж Хонгконг дахь Jefferies Group-ийн Азийн нефть, хийн капиталийн хэлтсийн дарга Laban Yu "Блүүмберг”-т ярьжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нд "Citigroup Inc”-ийн тайланд дурдсанаар "China Shenhua” компани үнийн боломжит хязгаарыг 550-660 юаньд байх төлөвтэй хэмээн харж байгаа бөгөөд Засгийн газрын хориггүйгээр нүүрсний үнэ дахин 370 юаньд хүрч буурах вий хэмээн болгоомжилж буй аж.
Тэгвэл хөрөнгө оруулалт, үнэт цаасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Argonaut Securities” компанийн мэдээлж байгаагаар эрэлт тогтвортой байсан нөхцөлд нүүрсний олборлолт дахин хязгаарлагдсанаар үнэ өсөхөд дэмжлэг болох юм. "Энэхүү бодлого нь нүүрсний үнэд үр дүнгээ үзүүлнэ. Уурхайнуудын ажиллах өдрийг 276 болгон цөөрүүлснээр нийлүүлэлтэд шууд нөлөөгөө үзүүлж, зах зээлийн хандлагыг сэргээхэд үр дүнтэй” хэмээн Хонгконгод төвтэй тус компанийн шинжээч Helen Lau хэлжээ.
Ж.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин