Сонгуулийн хар машиныг хакердсан уу?
Мэдээллийн аюулгүй байдал Монгол Улсад хэрхэн заналхийлж байгааг манай сонин хөндөн бичиж байгаа билээ. Дэлхий дахинаа маш хурдтай шинэчлэгдэж буй мэдээллийн технологийн хувьсалд монголчууд бэлтгэлтэй юу, мэргэжлийн боловсон хүчин хангалттай юу, тусгаар тогтносон улсын бүхий л мэдээллийг хадгалж байдаг төрийн байгууллагуудын хамгаалалт хангалттай байж чаддаг уу гэсэн олон асуулт урган гарч байгаа юм. Түүгээр ч зогсохгүй сонгуулийн хар машиныг хакердсан гэх хардлага одоо ч олон нийтийн дунд бий. Энэ хардлага хэр бодитой вэ?
Аливаа асуудал, түүнээс гарах гарцыг шийдвэрлэх үндсэн зарчим нь төрийн бодлого, хууль тогтоомж. Тэгвэл Монгол Улсыг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр төрийн бодлого зангидаж, хууль боловсруулагч эрхмүүд хэр мэдлэгтэй вэ. Үнэндээ маруухан мэдлэгтэй гэхэд ч багадахаар тодорхойлолт. Ямар сайндаа л компьютерийн анхан шатны сургалтад суусан УИХ-ын зарим гишүүн түүнийгээ сонгогчдоосоо нуухын тулд сургалтынхаа багш нарыг панаалдаж, нэрээ нуухыг хүсдэг гэнэ лээ. Энэ бол бодит жишээ. Гэтэл Монгол Улсад цахим гэмт хэрэг жил бүр нэмэгдэж, мэдээллийн аюулгүй байдал улам алдагдаж байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Өнөөдөр Монгол Улс бүхий л мэдээллээ цахим болгож, төрийн байгууллагуудыг цахим хуудас хөтлө, цахим хаяг ашигла гэж шаардаж буй. Олон улсын жишгээ дагах нь зөв. Гэвч хамгаалалт, аюулгүй байдал нь анхаарал татах асуудал боллоо.
Төрийн байгууллагынхны хувьд ч мэдээллийн технологийн мэдлэггүйгээс дээрээс өгсөн тушаалын дагуу өөрийнх нь байгууллагын нэр, лого харагдсан цахим хуудастай болохыг л хүсдэг. Аюулгүй байдлын тухайд тэр бүр хайхардаггүй, мэдлэг ч байхгүй. Компьютерийн жаахан мэдлэгтэй захын нэгэн л төрийн байгууллагын цахим хуудсаар дамжуулан дуртай мэдээллээ олж авах боломжтой. Үүний баталгаа болж саяхан Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт нэвтэрч жолооч нарын торгуулийг устгадаг хэрэг гарсан юм.
Өнөөдөр хэл, хөлд ороогүй хүүхдээс эхлээд л ухаалаг технологи ашиглаж буй. Тиймээс ухаалаг технологи ашиглаж буй анхан шатнаас нь хэрэглээний соёлыг төлөвшүүлэх ёстой. Энэ талаар массаар нь мэдээллийн технологийн хэрэглээний соёлтой болгож чадвал тулгамдаж буй асуудлыг багахан ч болов шийдэж чадна. Гол нь төрийн зөв бодлого чухал. Энэ салбарт мэргэшсэн боловсон хүчин бий. Гэвч төрд бодлого зангидаж байгаа хүмүүс нь энэ төрлийн мэдлэг муутайгаас тэдний хүч хөдөлмөрийг ашиглаж чадахгүй байна. Гадаадад мэдээллийн технологийн шилдэг компаниудад ажиллаж байгаа монгол залуус олон. Тэд эх орондоо сурсан мэдсэнээ нутагшуулах чин хүсэлтэй. Гэвч төрөөс энэ салбарыг анхаарлын гадна орхисноос өнөөдөр үүсээд буй цахим гэмт хэрэг, мэдээллийн аюулгүй байдлын асуудал улам дэвэрч байгаа юм гэж Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн компьютерийн сургалтын багш Б.Оюундарь хэлж байна.
Мэргэжлийн хүний ярьснаар бодлого нь орхигдсон энэ салбарын цоорхойг ашиглан энгийн нэгнээс эрх мэдэлтэй нэгэн ч амин хувийн олз, ашиг хонжоог олох боломжтой юмсанж. УИХ-ын сонгуулийг олон улсын дэвшилд нийцүүлж автоматаар тоолох аргыг 2012 оноос хэрэглэж эхэлсэн нь эдүгээ санал тоолох хар машины түүх билээ. Олон нийтийн саналыг хакердсан гэх дуулиан сонгуулийн дараахан дэгдсэн билээ. Тэгвэл үнэхээр хар машиныг хакердах боломжтой юу?
Энэ тухайд мэдээллийн технологийн мэргэжилтнүүд шууд л "Тийм” гэж байна. Хар машины программ хангамжийг манайхны компани бичсэн байдаг. Ганц, хоёр инженер л кодыг нь бичдэг. Нэг үгээр тэдний гарт сонгуулийн санал, намуудын хувь заяа бий гэсэн үг. Тэрхүү код худалдагдсан байж болох магадлалыг мэргэжилтнүүд ярьж байна. Түүгээр ч зогсохгүй иймэрхүү программ хэрхэн бичигдсэн нь энгийн бид ойлгохгүй болохоос мэргэжлийн хүмүүсийн хувьд бол алган дээр тавьсан мэт уншигддаг гэж байна. Тэгвэл сонгуулийн хувь заяа ганц, хоёр инженерээр зогсохгүй мэргэжлийн компаниуд ч анхаарч болох асуудал бололтой.
Б.ЗАЯА /ЗУУНЫ МЭДЭЭ/