Шведийн эрдэмтэд хүний мөгөөрсний эд эсийг 3D-гээр хэвлэжээ
Шведийн Гётеборг хотын Сальгренийн академи болон Чалмерсийн техникийн их сургуулийн эрдэмтэд 3D принтерээр хэвлэсэн хүний мөгөөрсний эсийг хулгануудад амжилттай шилжүүлэн суулгажээ.
"Хүний мөгөөрсний эсийг анх удаа хэвлэж, амьд организмд шилжүүлэн суулгаад, уг эсийг өсгөж чадлаа” гэж Чалмерсийн техникийн их сургуулийн хими ба биологийн инженерчлэлийн тэнхмийн биополимерийн технологийн профессор Пол Гатенхолм онцоллоо.
Судлаачид хүний мөгөөрсийг тусгай гидрогель ашиглан био хэвлэгч дээр хэвлэж, дараа нь хулгануудад шилжүүлэн суулгасан байна. Уг гидрогелийг наноцеллюлоз болон хүний мөгөөрсний үндсэн дээр бий болгохын тулд "Cellink” 3D принтерийг ашиглажээ. Мөгөөрсний эд эсийг шилжүүлэн суулгаснаас хоёр сарын дараа мөгөөрс бий болж, мөгөөрсөн дээр судас гарч ирсэн байна.
"60 хоногийн дараа уг гидрогель мөгөөрстэй төстэй болж эхэлсэн. Мөн үүдэл эсүүдийг нэмснээр мөгөөрсний эсийг өсгөж чадсан” гэж Сальгренийн академийн багш, гоо сайхны мэс заслын тасгийн зөвлөх Ларс Кёлби ярилаа.
Гэхдээ эрдэмтэд өөрсдийн хийсэн туршилтыг "биопринтер дээр хэвлэсэн хүний эрхтнийг гаргаж авахаар зорьсон нэгэн бяцхан алхам" гэж тодорхойллоо. "Бидний хийсэн зүйл бол биопринтер дээр хэвлэсэн эсүүдийг ирээдүйн өвчтнүүдэд шилжүүлэн суулгахын тулд хийсэн нэг л алхам юм. Хувьсгал авчрах үйлдэл хийхийн тулд бага багаар урагшлах хэрэгтэй. Бидний хийсэн туршилтын үр дүн бол хувьсгал биш харин хувьслын нэг хэсэг юм” хэмээн П.Гатенхолм дүгнэн хэлэв.
Шведийн эрдэмтдийн хийсэн судалгааны дүн "Plastic and Reconstructive Surgery Global Open” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.
Б.Мишээл
Эх сурвалж: Монцамэ