П.Баярхүү: Эзэмшил газраасаа ХАШААГАА хэтрүүлэн барьсан иргэн ААН-үүдэд ХАРИУЦЛАГА тооцно
Нийслэлийн засаг даргын захирамжын дагуу явган хүний зам гарцыг чөлөөлөх ажлын үйл явц 50 хувьтай байна. Тухайлбал явган хүний зам гарц, нийтийн эзэмшлийн талбайг хаасан нийт 129 байршлаас одоогийн байдлаар 54-г нь чөлөөлжээ. Түүнчлэн эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа барьсан нийт 451 аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгахаар ажиллаж байгаа аж. Энэ асуудлаар болон автозамын салбарын бүтээн байгуулалтын талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Ажлын хэсэгт Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Б.Загдсамбар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нийслэлд эзэмшил газраасаа хэтрүүлж барилга барьсан эрх бүхий байгууллагуудад албан мэдэгдэл хүргүүлж байгаа бөгөөд албан мэдэгдлийг хэрэгжүүлээгүй 161 ААН байгаа ажээ. Эзэмшил газраасаа хашаагаа хэтрүүлэн барьсан иргэн ААН-үүдэд хариуцлага тооцож 67.5 сая төгрөгийн торгууль ногдуулахаар болсон байна.
НЗД-ын орлогч П.Баярхүү " Цаашид эзэмшил газраасаа хашаагаа хэтрүүлэн барьсан иргэн ААН-үүдэд удаа мэдэгдэл өгөөд байхад өөрийнхөө кадастрын хэмжээгээр талбайгаа татахгүй байгаа ААН-үүдийн газрыг хүчингүй болгох тал дээр холбогдох арга хэмжээг авах хэрэгтэй.
Гурван удаа сануулга өгч мэдэгдэл хүргүүлье.
Хэрвээ үнэхээр өөрсдөө татахгүй гэж байгаа бол Нийслэлийн Засаг Дарга захирамжаараа олгож болсон юм чинь цуцлах эрх зүйн үндэс байгаа" гэлээ.
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун "Өнөөдрийн байдлаар 54 байршлын газрыг чөлөөлж орц гарц, нийтийн эзэмшлийн талбайг нээсэн.
Иргэдээс орц гарц чөлөөлөх саналыг авч судалгаанд нэмж баяжуулан ажиллаж байна.
Чөлөөлсөн газруудаа байршлаар нь нэрлэвэл БГД-т 13 газраас долоог чөлөөлсөн, БЗД-т 26 газар чөлөөлөхөөс 14-г, СХД-24 өөс дөрвөн газар, ХУД-т наймаас дөрвөн газрыг чөлөөлсөн байна.
ТҮЦ болон бусад төрийн зөөврийн байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа.
Тухайлбал БГД-ийн 18-р хороо хуучнаар Баянгол захын урд талд явган хүний замыг хашиж барьсан зөвшөөрөлгүй барилгыг буулгаж явган хүний замыг чөлөөлсөн.
БЗД-д Чингис зочид буудлын хойд талд авто замыг нарийсгаж зөвшөөрөлгүй мухлаг барьсаныг буулгасан.
Санхүү Эдийн Засгийн сургуулийн урд талд явган хүний замыг хашиж ТҮЦ, хашаа барьсаныг буулгасан.
Орц гарц хаасан хашаа шонг бид очоод буулгаж байгаа.
Эзэмшил газрын хэмжээнээс хэтрүүлсэн хашааг нь буулгахаар уриа лоозон зоогоод илүү хашаагаа татахгүй гэсэн хүндрэл учирч байна" гэлээ.