З.Энхболд & УИХ

933

З.Энхболд &  УИХ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын даргад хаяглан ирүүлсэн нь энэ долоо хоногийн анхаарал татсан үйл явдал байсан. Тэгвэл түүний албан бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу илгээсэн нь, мөн л анхаарал татсан үйл явдал боллоо. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандсан "Хариу өгөх тухай” эл албан тоотод:

"Танаас ирүүлсэн "Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичигтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д "Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт "Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна” гэж тус тус заасан.

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг. Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр Улсын Их Хуралтай харилцаж ирсэн болохыг Танд үүгээр мэдэгдэж байна.

Цаашид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр Улсын Их Хуралтай харилцаж байхыг хүсье” гэжээ.

За харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Ц.Цолмон даргаас ийм хариу авсныхаа дараа сошиал хуудсаараа байр сууриа илэрхийлжээ.Тэрбээр "С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг УИХТГ дарга зөвшөөрөхгүй гэнэ. Өөрийн чинь ишэлсэн Үндсэн хуулинд ЗГ-аас зөвшөөрөлавах тухай алга. Үндсэн хуулинд байхгүй заалтаар ЗГ-тай зөвшилцвөл Үндсэн хууль зөрчсөн гээд огцорно биз дээ.

Монголын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч элчин сайдыг эгүүлэн татна гээд, УИХ, ЗГ нь үгүй гэдэг тохиолдол үүслээ. Ийм тохиолдолд Үндсэн хуулийн 33.1.5-аа л барина. УИХ-тай зөвшилцөн эгүүлэн татах эрх зөвхөн Ерөнхийлөгчид бий. ЗГ энд ямар ч хамаа байхгүй. ЗГ хууль, Үндсэн хууль зөрчилдвөл сүүлийнхийг нь барина” хэмээн бичсэн байна.

 

З.Энхболд &  УИХ

Ямартай ч элчин сайд нарыг эгүүлэн татах тухай асуудал ийм маягаар өрнөж байна. З.Энхболдын тухайд УИХ-ын дарга байсан хүн. Тэр ч утгаараа Ерөнхийлөгч болон УИХ-ын хооронд албан ёсны харилцаа хэрхэн явагддаг болохыг мэдэх ёстой. Гэхдээ тэрбээр сэдвийг өөр тийш хазайлгаж байна. Монголын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч элчин сайдыг эгүүлэн татна гэтэл  УИХ, ЗГ нь үгүй гэдэг тохиолдол үүслээ хэмээн тэрбээр тодотгож буй юм.

 

Эх сурвалж: Hunnu.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>