25 нас хүрэхээрээ донор болохоос татгалздаг болох уу

1009

Монголд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг болсноор Донорын тухай хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Тиймээс 2016 оны сүүлээр тухайн үеийн Засгийн газраас УИХ-д Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан юм.

Тэгвэл Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хурлаар тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөлд эрхтэн шилжүүлэх алба байгуулах, иргэн 25 нас хүрэхдээ аль нэг байгууллагад нас барсныхаа дараа эрхтний донор болохоос татгалзсан бичиг өгөх, өөрөөс нь болон ар гэр, ах дүүсээс нь донор болгох зөвшөөрлийг авах, эрхтний донор болохыг сурталчлахгүй байх зэрэг онцлох заалтууд оржээ. Эдгээрээс Байнгын хорооны хурлын үеэр нэлээд маргаан дагуулсан нь насны хязгаар тогтоосон буюу 25 нас хүрэхдээ донор болохгүй гэдгээ мэдэгдсэн бичиг өгөх тухай заалт байлаа. УИХ-ын гишүүн Б.Батзориг 25 нас хүрсэн ч донор болохоос татгалзсан бичиг өгөөгүй бол нас барсных нь дараа автоматаар донор болгох эсэх, яагаад заавал 25 нас гэж заасан гэдгийг тодруулав. Мөн УИХ-ын гишүүн М.Билэгт энэ заалтыг байлгавал хүний амь насанд санаатай халдах эрсдэл үүсэх тул заалтыг бүхэлд нь хасах санал оруулсан юм. Харин хуулийн төслийн ажлын хэсгийнхэн "Гишүүдийн хэлж байгаа болгоомжлол байх нь зөв. Гэхдээ хүнийг нас барахаас нь өмнө өөрөөс нь болон ар гэрийнхний зөвшөөрлийн дагуу донор болгохоор хуульчилж байгаа. Тиймээс ийм асуудал үүсэхгүй. Яагаад 25 нас гэж тогтоосон гэхээр оюун санааны хувьд төлөвшсөн, өөрөө өөрийгөө илэрхийлэх бүрэн чадамж суусан нас байдаг юм. Мөн иргэний үнэмлэхээ шинэчлэх үедээ донороос татгалзсан, эсвэл зөвшөөрсөн бичгээ давхар гаргаж баталгаажуулахад тохиромжтой. Хэрэв иргэн энэхүү насандаа донор болохгүй гэсэн бичгээ гаргасан бол аль ч насанд нь донор болгож болохгүй” хэмээн тайлбарлаж байв. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах албыг хаана харьяалж байгуулах талаар тодруулахад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Энэ албыг одоогийн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн байранд төсөвт ачаалал өгөхгүйгээр байгуулна. Түүнээс тусдаа агентлаг байгуулахгүй” гэсэн юм. Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Үндэсний шуудан сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>