“МОРИН ХУУР” НААДАМ 31 ДЭХ ЖИЛДЭЭ ШИЛДГЭЭ ТОДРУУЛНА
31 дэх жилтэйгээ золгож буй "Морин хуур” наадмын шилдэг бүтээлийг нийтийн, эстрадын, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулах юм. Гурван шаттай явагдах уг наадамд оролцож буй чансаатай, мэргэжлийн түвшинд бичигдсэнбүтээлүүдээс чанар, хийц, агуулгаараа онцгойлон тодорсон бүтээлийг алдаршуулдаг. "Морин хуур 2017” наадмын шагналтнууд болон дууны төрөл бүрийн Тэргүүн шагналтнуудаас оны шилдгийн шилдэг Гранпри шагналтан хөгжмийн зохиолч тодруулах аж.
Дашрамд өгүүлэхэд хөгжмийн зохиолч, дуучдын чансаагаа сорьдог Морин хуур наадмын хүрээнд улаан хивсний ёслол зохион байгуулах гэнэ. Энэхүү ёслолын ажиллагаанд "Морин хуур” наадмын шагналтнууд, хөгжмийн урлагийн салбарын сод авьяастнууд, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тулгын чулууг тавьсан үе үеийн нэрт зүтгэлтнүүд, яруу найрагчид, дуучид оролцож, хагас жарны түүхтэй наадамдаа хүндэтгэл үзүүлнэ. Уралдааны II шатны шалгаруулалт ирэх сарын 10-нд болно.
Энэ жилийн наадамд Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, У.Далантай, Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн зэрэг бүтээл бүр нь олны хүртээл болсон уран бүтээлчид өрсөлдөж байна.
Наадмын гуравдугаар шатны шалгаруулалтад тунаж үлдсэн 15 дууны уран бүтээлч ирэх сарын 12-нд болох Гала концертод оролцож, дуунд хайртай ард түмнийхээ сонорыг мялаана. "Морин хуур” наадмын энэ оны бай шагнал урьд жилүүдээс онцлог болохыг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дууны албанаас тодруулсан юм. Мөн Монгол Улсын төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайдын яамны дипломат ажилтнууд улаан хивсний ёслолд оролцоно.