Тотгон дээрээ гурван мөс байрлуулдгийн учир

141

Тотгон дээрээ гурван мөс байрлуулдгийн учир

 

Битүүний орой шарга морьтой Балданлхам бурхан замбуутивийг эргэдэг гэнэм. Лхам бурхны унаанд зориулж гурван хэсэг мөс тотгон дээрээ тавина. Эвтэй найртай амьдрахыг бэлгэдэн алаг мэлхий засна. Долоон хонь орхино. Долоон хонь буулгах нь жилийн засал болдог гэж итгүүлнэ. Долоон морь буувал тэргүүн төлөг тэр гэнэ. Өвөө эмээгээс минь уламжилж ирсэн заншлын алтан хэлхээ энэ. Номтой лам явсан өвөө минь, намайг өсгөсөн эмээ минь одоо энэ хорвоод үгүй. Гэвч ээж минь байна. Сүүтэй цай биш кофе уудаг, дээл өмсөх дургүй, Фэшн ТВ үздэг ээж минь шүтлэг багатай. Би бас их шүтлэгтэй хүн биш. Гэхдээ жил бүрийн цагаан сарын битүүний орой гурван хэсэг мөс хөлдөөгөөд тагтан дээрээ тавьдаг юм. Алаг мэлхий өрнө. Долоон хонийг бол би залхуураад орхихгүй. Долоон шагай долуулаа хонь буух бас хол л доо. Гэрийнхнээс хэн нэг нь буулгавал бүгдэд нь засал болно гэсэн ёс заншлын бяцхан тодруулга хийсэн маань олонхоор дэмжигдсэн билээ.

Бурхан яг байдаг үгүй, байдаг бол ямархан дүртэй, хаана оршдогийг яг таг мэдэх хүн үгүй билээ. Магадгүй бурхан бидний сэтгэл дотор оршдог байх аа. Хүмүүн бүхэнд өөрийн бурхан байдаг байх. Нүүр номын найзууд минь өөр өөрийн сэтгэлийн бурхандаа залбирч итгэлийн сүлдэндээ даатган хуучин оноо битүүлэн үдэж шинэ оноо сүсэглэн угтаж сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.