ДМИТРИЙ МЕДВЕДЕВ: ОХУ ЯМАР Ч ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНД БЭЛЭН

713

ДМИТРИЙ МЕДВЕДЕВ: ОХУ ЯМАР Ч ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНД БЭЛЭН

 

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн "ТАСС” агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна. Сонгууль ойртох тусам барууны орнуудаас ирэх дарамт тэр тусмаа ОХУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авах гэсэн оролдлого улам нэмэгдэж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Барууны орнууд дахин хориг арга хэмжээ авсан тохиолдолд эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийж байгаа. Ерөнхийдөө бол эдийн засгийн хувьд бэлэн байх нь хамгийн чухал. Гэхдээ манай улсын эдийн засаг газрын тосны болон байгалийн хийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засгийн өөрчлөлтөд харьцангуй тэсвэртэй болж, эдийн засгаа төрөлжүүлж зөвхөн байгалийн баялгаас бус экспортын бараа бүтээгдэхүүн, техник, хөдөө аж ахуйд суурилсан олон талт эдийн засгийг цогцлооход сүүлийн үед багагүй анхаарч байгаа. Үүнийг дагаад манай улсын үйлдвэрлэлийн тэр тусмаа машин тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн салбарын хөгжил хурдацтай урагшилж байна. Өмнө нь бид Европын орнуудаас шувууны мах импортолдог байсан. Харин барууны орнуудын авсан хориг арга хэмжээний ачаар одоо бид шувууны махаа өөр орнууд руу экспортолж байна шүү дээ.
-Сүүлийн үед дижитал эдийн засгийн талаар ихээхэн ярих боллоо. Хүмүүс дижитал эдийн засагт бэлэн үү?
-Засгийн газраас нэн тэргүүнд хэрэгжүүлэх хамгийн чухал асуудлын нэг нь тоон эдийн засаг, хурдацтай өсч буй технологийг нэвтрүүлэх юм. 
-ОХУ-ын улстөрчид, томоохон бизнесмэнүүдийн нэрс  бүхий "Кремлийн илтгэл”  нэртэй баримт  бичгийг АНУ-ын Конгресс гаргаж ирсэн. Энэ  материалууд дээр  үндэслэн Оросын  иргэд,  эрчим хүч,  батлан хамгаалах,  санхүүгийн салбарынхан, аж ахуйн нэгж  компаниуд, тусгай албаныхны эсрэг шинээр өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэх таамаг бий. Энэ талаарх таны бодол?
-Энэ бол цэвэр Вашингтон Кремлийн эсрэг дахин хориг арга хэмжээ авахын тулд шалтаг хайсан арга ядсан үйлдэл. Хориг арга хэмжээ авснаар зөвхөн манай улсын эдийн засаг болон бизнесийн салбарт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй Европын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг тооцох хэрэгтэй.  АНУ, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, Европын зах зээлээс манай улсыг шахаж байгаа нь ердөө л бизнесийн  зах зээлд өөрсдийн нөлөөллөө тогтоох гэсэн оролдлого юм. 
-Ер нь  Вашингтон Кремлийн эсрэг ойрын хугацаанд хориг арга хэмжээ авах болов уу?
-Бид ямар ч хориг арга хэмжээнд бэлэн байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ОХУ-ын эдийн засаг ямар ч сорилт бэрхшээлийг хөнгөхөн давж чадна гэдгээ харуулсан.  Ямар ч хориг арга хэмжээ авсан юу ч өөрчлөгдөхгүй. Бид аль хэдийнэ шаардлагатай  бэлтгэлээ хийчихсэн. Жишээлбэл, бид зөвхөн батлан хамгаалах салбарыг хамарсан тусгай банк байгуулаад байна. 
-ОХУ болон барууны орнуудын харилцаа хэзээ нэгэн цагт хэвийн байдалд орох болов уу?
-Таагүй харилцаа үргэлжилсээр тулж очих цэг гэж байхгүй. Өөрөөр хэлбэл ямар ч улаан шугам байхгүй цаашид хэрхэн яаж өөрчлөгдөх нь таашгүй. Ямартай ч сайн тал руугаа өөрчлөгдөнө гэсэн итгэл алга. ОХУ болон Европын орнуудын харилцааны түүхээс харахад харилцаа тогтворжиж, хамтын ажиллагаа өргөжүүлсэн тохиолдол олон байдаг. Гэхдээ энэ таагүй харилцаа ямар ч сайн зүйлд хүргэхгүй. Ерөнхийлөгч Путин ОХУ АНУ-тай хамтран ажиллахад ямагт нээлттэй байж, харилцаагаа сайжруулахад бэлэн гэдгээ олон удаа илэрхийлж байсан.  Дональд Трамп Ерөнхийлөгч болсноор хоёр улсын харилцаанд ямар ч дэвшил гарсангүй. Барак Обамагийн засаг захиргааны үеийнхтэй адил  байна. Трампын баримталж буй бодлого Обамагийнхаас ялгарах юм алга. 
-ОХУ, АНУ-ын харилцааг сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Үнэндээ АНУ-ын батлан хамгаалах салбартаа зарцуулж буй хөрөнгө дэлхийн улс орнуудын батлан хамгаалах салбартаа зарцуулж буй төсвөөс хэд  дахин  илүү байдаг. Мэдээж энэ их төсвийн тодорхой хувь нь НАТО-д зарцуулагдаж байгаа байх. НАТО-гийн удирдлагууд наанаа ОХУ, АНУ-ын харилцааг сайжруулах талаар ярьдаг ч цаанаа цэргийн зардлаа нэмэгдүүлсээр  байгаа. Хэний эсрэг тэд тэмцэх гэж байгаа юм бэ. Хэдийгээр энэ бидний асуудал биш ч  НАТО дотроо зөрчилтэй гэдэг нь олон зүйлээс харагдаж байна. Бид хэзээд хамтран ажиллахад бэлэн байсан. Одоо хэн ямар шийдвэр гаргахыг хүлээх үлдсэн.
-Терроризмын эсрэг ОХУ болон барууныхан нэгдэн тэмцэхэд Крымын  хойгийн асуудал саад болж байна. Баруунтай хамтран ажиллахаа золиослохоор Крым тийм үнэтэй гэж үү?
-Энэ бол 2.5 сая хүний тухай асуудал. Тэд Украинд гарсан төрийн эргэлтээс айж мэгдсэн хүмүүс. Киевт төрийн эргэлт гарсны дараа хэт үндсэрхэг үзэлт хүчнүүд тэндхийн хүмүүсийг дур зоргоороо заналхийлж эхэлсэн. Тэд орос  хүн, орос хэлээр харилцагч ард түмэнд заналхийлсэн. Бидний хувьд дайн хийж, эзлэн түрэмгийлээгүй. Крым ОХУ-д шилжих үйл явцад нэг ч удаа буун дуу гарч хүний амь хохироогүй. Бид зөвхөн Украины тусгай албаны 20 мянган цэргийг тогтоон барьж, Крым хойгийн оршин суугчдын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан. Тэд ОХУ-ын нэг хэсэг байхыг хүссэн.
-ОХУ-ын эдийн засаг ямар байгаа вэ?
-Оросын эдийн засагт үүссэн зогсонги байдал арилж, бид өсөлтийн үе шат руу шилжжээ гэдгийг бодит баримтууд харуулж байна. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн талаарх  хамгийн сүүлийн үеийн тоон мэдээлэлд  дурдсанаар ДНБ гурван улирал дараалан өссөн. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар, эдийн засгийн өсөлт 0.7 хувьтай гараад байгаа. Түүнчлэн Төвбанкны алт, валютын нөөц болон гадаадад байршуулсан нөөц нэмэгдсэн. Өнгөрсөн онд нөөцийн нийт хэмжээ 368 тэрбум ам.доллар байсан бол 2016 оны сүүлчээр 378 тэрбум ам.доллар, өнгөрсөн онд 405 тэрбум ам.доллар болж өссөн. Автомашины борлуулалт болон ипотекийн зээл олголт нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлт нэмэгдэж, хүн ардын амьдралын төвшин дээшилж байгааг харуулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>