Хаврын улс төр Үндсэн хуулийн өөрчлөлтийг тойрч “халуурах” уу

881

 

Хаврын улс төр Үндсэн хуулийн өөрчлөлтийг тойрч “халуурах” ууИрэх дөрөвдүгээр сард УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ.  Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд  Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт нэлээд дээгүүр бичигдсэн харагдана лээ.

Уг нь хуулийн энэ өөрчлөлтийг намрын чуулганаар хэлэлцэх байсан юм. Өнгөрсөн зун намаржин иргэдээс авсан олон саналаа нэгтгэж амжаагүй байсан уу, аль эсвэл бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй юу, ямартай ч хэлэлцэх хугацааг нь ийн хойшлуулаад  буй. Хамгийн хүлээлттэй хуулиар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг нэрлэж болно. Яагаад гэвэл энэ өөрчлөлтийг үе үеийн парламент барьж авдаг хэрнээ хэлэлцэж чадалгүй өдий хүрсэн. Лавтайяа сүүлийн  дөрвөн ч сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент  Эцэг хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гаргаж, төсөл төлөвлөгөө боловсруулж байв.

Өнөөгийн Монголын улс төрд болж бүтэхгүй  бүхнийг, тухайлбал, засаглалын тогтворгүй байдал, эрх мэдлийн хуваарилалт,  хариуцлагын тогтолцооны хомсдол зэргийг Үндсэн хуультай холбон тайлбарладаг. Товчхондоо буруу л бол баруун талын хар овоохой гэдэг шиг бүтэлгүйтэл бүхнээ Үндсэн хуультай холбодог  болсон нь энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлага шалтгаан болж байгаа юм. Нөгөөтэйгүүр бас цаг үе өөрчлөгдөж эрх зүйн шинэ зохицуулалт харилцааг  суурь хуулиндаа өрж өгөх шаардлага байхыг үгүйсгэхгүй.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг манай 76 хэлэлцээд баталчихдаг зүйл бас биш. Ард нийтээрээ хэлэлцэж санаа оноогоо нэгтгэж, нэг үгээр монголчууд хамтаараа өлгийдөж авна. Гэсэн хэдий ч нэг нам парламентад үнэмлэхүй олонхи болсон ийм нөхцөлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломж их. Энэ ч утгаараа М.Энхболдын танхмынхан  энэ асуудлыг барьж аваад байгаа.

Бусдын жишгээс харахад Үндсэн хууль гэдэг гар хүрч болдоггүй, дархлагдсан зүйл бас биш аж. Манай урд хөршийнхөн 1982 онд баталсан Үндсэн хуулиндаа 4 ч удаа өөрчлөлт оруулаад байна. Хуулиа цаг үетэйгээ уялдуулж төгөлдөржүүлэх шаардлага бол хаана хаанаа байдаг аж.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн хэлэлцүүлэг 2017 оны хавраас эхэлж орон даяар өрнөсөн.  Энэ үеэр гарсан иргэдийн саналыг үндсэнд нь нэгтгэж төсөлд тусгаад байгаа гэх мэдээлэл бий. Одоо бол УИХ-д тэр өөрчлөлтийг л хэлэлцэх үлдээд байгаа байх. Дараа нь иргэдээрээ бас хэлэлцэнэ.

Гэвч энэ хуулийн хэлэлцүүлэгийг  хэтэрхий улстөржүүлж, цааргалж байгаа нь Ардчилсан Нам болоод байгаа. Өнгөрөгч оны долдугаар сард  Ардчилсан намаас "Mонгол Улсын Үндсэн хуульд хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцэж байна” гэсэн малгай толгой бүхий мэдэгдэл гаргаж,   УИХ-д олонхийг бүрдүүлж буй эрх баригчдыг Үндсэн хуульд хууль бус аргаар халдаж, хэт олонхидоо эрдэн хүч түрэн өөрчлөлт оруулах алхмуудыг хийж эхэллээ” хэмээн зэмэлсэн билээ.

Түүнчлэн энэ оны нэгпүгээр сарын сүүлчээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  бүлгийн хуралдааныхаа талаар мэдээлэл хийхдээ "Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд уг хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн парламент хэлэлцэх эрхгүй гэж үзсэн” тухайгаа дуулгасан. Учир нь нэг намын эрх ашигт нийцүүлэх ашиг сонирхол их бий гэж үзэж байгаа аж.  Хэрэв өнгөрсөн рүү эргэн харвал АН-ын хувьд Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай  гэдгийг удаа дараа хэлж сануулж байсан байсан нь үнэн бөгөөд тэр бүхнийг тоочих гэвэл цаг завны гарз болно. Ганцхан жишээ гэвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2015 оны арваннэгдүгээр сард "Монголын төрийг дампуурлаас гаргах цорын ганц арга бол 1992 оны Үндсэн хуулийг өөрчлөх гэж бодож байгаа” хэмээн ярилцлагадаа дурдаж байжээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтөд таагүй хандаж байгаа өөр нэг институци нь Ерөнхийлөгчийн тамгын газар. Нэмэлт өөрчлөлтийн гол  сэдэв нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн тухай юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хязгаарлахаар төсөлд туссан нь таалагдахгүй байж мэдэх юм. Гэхдээ Эцэг хуулийн өөрчлөлтийг баталдаг юмаа гэхэд 2021 оноос хэрэгжихээр байгаа юм. Саарал ордны хаа нэгтэйгээс Ерөнхийлөгчийн засаглалын талаархи сануулга,  сураг ажиг хааяа нэг сэвэлзэх шалтгаан ч энэ биз.

АН-ын байр суурийг харахад хаврын чуулганаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэхийн эсрэг байгаа ч  тэд шийдвэр гаргах хэмжээнд нөлөөлж чадахгүй. Гэхдээ тэд энэ хаврын улс төрийн синдромыг Үндсэн хуулийн өөрчлөлтийг тойруулан  хөллүүлэх магадлал тун өндөр. Дээр нь Эрдэнэт гэж бэлээхэн "олзны сэдэв” тэдэнд байгаа.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эсэхэд энэ мэт эрсдэл байгааг тооцоолсон уу, энэ ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Ямартай ч  хуулийн төслийг  УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр боллоо. Батлаад 2021 оноос мөрдөгдөх үү, эсвэл дараагийн парламентад даатгаж үлдээх үү гэдгийг одоогийн УИХ мэдэх хэрэг” гэсэн нь  хэлэлцэж ч мэднэ, үгүй ч байж магадгүй гэсэн давхар санаа агуулаад байх шиг.

М.Нэргүй

Zaluu.com



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>