Ази тивийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ баасан гарагт эхэлнэ
Олон улсын, 3х3 сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ баасан гарагаас ирэх тавдугаар сарын 01-ний хооронд БНХАУ-ын Шинжэн хотод болно.
Фиба 3х3 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн онд Монгол Улсад болоход манай эрэгтэй шигшээ баг аваргалж, эмэгтэй аваргаар Австрали Улсын баг тодорсон юм.
ААШТ-нд Авсрали, Шинэ Зеланд зэрэг далайн орнууд оролцдог болсон нь энэ тэмцээний чансааг улам өндөр болгосон юм.
Манай улсын үндэсний эрэгтэй шигшээ баг энэ удаагийн тэмцээний хамгийн өндөр чансаатай багаар нэрлэгдэж байгаа бөгөөд "А” зоог толгойлон Катар, Тайванийн багуудтай нэг зоонд багтсан юм.
Катарын баг 2014 оны Фиба 3х3 дэлхийн аварга баг бөгөөд өмнө нь манай багтай 2017 оны Ашхабатын Азийн танхимын наадмын 4/1, Вьетнамын Дананг хотноо болсон Азийн элсний наадмын аваргийн төлөө манай багтай тоглож байсан юм.
Тайвань Улсын багийн хувьд хурдтай, шидэлтэд тулгуурласан баг бөгөөд Улаанбаатар хотноо болсон өмнөх оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай багтай хасагдах шатанд тоглон хожигдож байсан юм. Манай эрэгтэй баг азийн аварга болсон бүрэлдэхүүнээрээ энэ тэмцээнийг зорих бол харин эмэгтэй ОУХМ Б.Солонгыг бүрэлдэхүүндээ нэмсэн байна.
Өмнөх Азийн аваргад оролцсон ОУХМ Ж.Иштаяа энэ удаагийн азийн аваргийг өнжихөөр болжээ. Монгол улсын үндэсний эмэгтэй шигшээ баг урдчилсан шатанд Узбекстан, Хонконг, Ванату /далайн орон/ улсын багуудтай тоглож хэсгээсээ гарвал үндсэн "В” хэсэгт Иордан, Индонезын багуудтай нэг зоонд тоглох юм. Эмэгтэй шигшээ баг маргааш Ази аварга болох Шинжэн хотыг зорих бол эрэгтэй Наньжины дэлхийн гранпригаас шууд тэмцээн болох хотод очин бэлтгэлээ хангаж байгаа билээ.
Манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар С.Тулга ажиллах юм.